spot_img
ЭхлэлФото мэдээҮХЛИЙН ТӨМӨР ЗАМ

ҮХЛИЙН ТӨМӨР ЗАМ

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэрэг Алс Дорнодын орнуудад харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн. Тайланд, Мьянмарын хил орчмын уул нуруунд тухайн үед баригдсан төмөр замыг “Үхлийн төмөр зам” гэж нэрлэдэг. Хэдэн арван жилийн өмнө тэнд чухам яг юу болсон бэ?

Тайландын Канчанабури мужийн Сиам бүсийн өтгөн ойт ууланд дайны үед баригдсан энэхүү “Үхлийн төмөр зам”-ын орчимд амь үрэгдсэн холбоотны цэргийн олзлогдогсдын дурсгалд зориулсан “Тамын галын гарц” нэрт музейд нэгэн цагт энэ газарт болсон гунигт үйл явдлуудын баримтууд бий.

“Үхлийн төмөр зам” нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы барьж байгуулсан Тайландаас Мьянмар хүртэлх хуурай зам юм. Тухайн үед Японы түрэмгийллийн золиос болсон 60 мянга гаруй олзныхон, Азийн олон зуун мянган ажилчдыг албадан хөдөлмөрлүүлж, Мьянмар Тайландын хооронд төмөр зам бариулжээ. Японы цэргийн хатуу шахалтан дор жил гаруйн хугацаанд барьж дуусгасан гэдэг. Эд материалын хомсдол, хүнд хэцүү нөхцөл байдал, дээр нь тухайн үед дэгдсэн халдварт өвчин тахлын улмаас ажилчид олон арван мянгаараа энд ясаа тавьжээ. Тиймээс энэ төмөр замыг “Үхлийн төмөр зам” гэж нэрлэсэн байна.

Тайландын Канчанабури мужийн баруун хэсэгт байрлах “Тамын галын гарц” нь Тайланд-Мьянмарыг холбосон нийт 415 км урт төмөр замын 133 км дэх хэсэг юм. Энэ нь барилгын ажлын хамгийн хэцүү хэсэг бөгөөд хүний хүчээр өтгөн ширэнгэн ойд төмөр замыг улаан гараараа ухаж барьжээ. Товлосон хугацаанд ажлаа дуусгахын тулд олзныхон, Азийн орнуудын хөдөлмөр хүчин цаг наргүй зүтгэхээс өөр аргагүйд хүрчээ. Ажилчид шөнө дөлөөр тосон дэн асааж хад чулууг хагалахад бүдэг галын гэрэл дэх аварга тусгалууд нь маш аймшигтай харагддагаас тус газрыг “Тамын гал” гэлцэх болсон юм. “Тамын галын гарц” дурсгалын цогцолборын захирал Жута Пон хэлэхдээ:

“Барилгын ажлыг цагтаа дуусгахын тулд олзлогсод өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй бөгөөд зодуулж нүдүүлж, хэт хүчирхийлэлд өртөн, түүгээр ч зогсохгүй хэтэрхий их ажлын дарамтаас болж бие махбодын цочролд ордог байжээ. Шөнийн цагаар барилгын ажил хийж буй олзныхон эцэнгэр бие дээрээ тогтож ядан хүнд хад чулуу үүрч, тамын замаар хайван дайван гэлдэрч явна”

Цаг агаар халуун, амьсгал бүтэм ширэнгэн ойд олон хүн өлсгөлөн, өвчин эмгэг, харгис хэрцгий хүчирхийллийн улмаас амь насаа алджээ. “Үхлийн төмөр зам”-ыг байгуулж дуусах хүртэл 60 гаруй мянган олзлогдогсдын 12 мянга гаруй нь нас барсан бол бусад төрлийн хөдөлмөрийн шахалтаар олон мянган ажилчид амь үрэгдэж нийтдээ 100 мянга гаруй хүн алтан амиа энд өргөжээ. “Километр замын зай бүрт хохирсон 250 сүнс оршдог” гэдэг үг ч бий.

“Тамын галын гарц” дурсгалын музей жил бүр 100 мянга гаруй жуулчин хүлээж авдаг бөгөөд тэдний ихэнх нь тухайн он жилүүдэд тэнд ажиллаж байсан холбоотны цэргийн олзлогдогсдын төрөл төрөгсөд байдаг гэж Жута Пон хэллээ.

“Энд төмөр зам барьж байсан олзныхон хэрэв өнөөдөр амьд сэрүүн сэн бол сайхан өндөр настнууд налайж байх байсан биз ээ. Тэдэнтэй дахин уулзах боломж байгаагүй ч гэсэн үр хойч нь энд ирж, өвөг дээдсийнхээ бүтээн босгосон төмөр замын талаар мэдэж бахархаж, музейн тайлбарлагчид тэдний үйл хэргийг ярьж өгдөг тул энэхүү түүхэн үйл явдал хүмүүсийн ой санамжид хадгалагдан үлджээ”.

Квай гол дээрх гүүр бол энэ төмөр замын дагуух гүүрүүдийн нэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны холбоотон орнуудын олзлогдогсдын ар гэрийнхэн болон жуулчид жил бүр энд ирж, талийгаачдаа дурсан санагалзаж, хүндэтгэл үзүүлдэг юм. Мөн олзонд байсан ч амь хэлтэрч чадсан цөөн хүний зарим нь олон жилийн дараа энд ирж, өөрийн барьсан төмөр замын үлдэгдлийг хараад өөрийн эрхгүй уйлж байв. Тэр хүн “Анх удаа л энэ төмөр зам дээр сууж үзлээ” гэж хэлсэн. Тэр үед Японы арми өдөр шөнөгүй зодож цохиж байсан болохоор хэзээ ч амарч сууна гэж байдаггүй байснаа дурсаж байв.

Өдгөө Квай голын гүүрэн дээр жуулчид дүүрэн, “Тамын галын гарц” дурсгалын музей нь өндөр моддын сүүдэр дор анир гүмхэн, тайван амгалан байж, зөвхөн тухайн үеийн эмгэнэлт үйл хэргийг түүхэн баримтаар дэлхий дахинд хүргэсээр байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
57 %
0kmh
20 %
Лха
-10 °
Пүр
-11 °
Баасан
-11 °
Бям
-8 °
Нар
-8 °
spot_img