Төрийн өндөрлөгүүд өнгөрсөн долоо хоногт нэг “сэдэв”-ээр дуугарав. Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөгөөн дээр очиж, УИХ-ын дарга Газар, ашигт малтмалын лицензийн Түр хорооныхонтой хамт хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайд МҮЭХ-ныхонтой уулзжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр очиж ширүүхэн үг хэлсэн байна. Тэрээр “Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан, шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл болно. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаараарай. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг сануулъя” хэмээжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, АМНАТ-ийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг олон нийтэд танилцуулж “Газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0.07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг мэдээлэл иргэдээс ирсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой” гэв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд МҮЭХ-ныхонтой 2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Тэр үеэр МҮЭХ-ны удирдлагууд “Олон жил авлигад идэгдсэн далд эдийн засаг ил болж, хөрөнгийн урсгалыг ард түмэнд зориулж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд хоёр удаа нэмж, олон жилийн турш МҮЭХ-ноос тавьж байсан бүсийн орон нутгийн нэмэгдэл цалин олгох, иргэдэд хувьцаа олгох, ногдол ашиг олгосон. Тэтгэврийн реформ хийж тэтгэврийг өвлүүлэх, тооцох аргачлал, индексжүүлж, засаглалыг сайжруулах өөрчлөлтүүд хийж, эдийн засгийг сэргээх, валютын ханшийг тогтворжуулсан. Тиймээс авлига, албан тушаалын хэргүүдэд хариуцлага тооцох, алдагдсан боломжуудыг сэргээхэд МҮЭХ шаардаж дэмжиж ажиллана. Цаашид нүүрс, сангууд, банк, тендерийн хулгайг дахин гаргуулахгүй, ил тод шударга байлгах тогтолцоо засаглалыг бий болгох шаардлагатай. Ялангуяа нийгмийн түншлэлийг үл тоодог, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчил гаргадаг, зарим монополь шахуу аж ахуйн нэгж байгууллагууд үгсэн хуйвалдаж үнэ ханшаа өсгөх, зохиомол хомсдол үүсгэдэг, банк санхүүгийн зээлийн хүүгийн дарамт, ажиллах хүчний гадагшлах урсгал зэрэг асуудалд онцгой анхаарч, өвөлжилтийн хүндрэл зудын нөхцөл байдал түүнийг дагасан хүндрэлийг даван туулах, дагаж гарах асуудалд шуурхай арга хэмжээг авах, малчдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарах, нийслэл хотын орчны аюулгүй байдал хангуулах, осол аваараас сэргийлэхэд МҮЭХ дэмжиж хамтран ажиллана” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгойн хэлэлцээр амжилттай болж, Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Бүх асуудлын тээг нийгмийн Баялгийн хулгайтай цөөн хүн хүртдэг байдлыг таслан зогсоох тэмцэл, ил тод байдлын ачаар нүүрсний, сангийн, банкны, тендерийн гээд буруу замын мөнгөний урсгал төсөв рүү нийтийн сан руу орж валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор бид хэлэлцээрээр хүлээсэн тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж хот руу гадагшаа урсгал багасаж буцах урсгал бий болсон үр дүн ажиглагдаж байна. Нийгмийн шударга бус байдал дундаж давхаргаа тэлэх, ард түмний ажил орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг хангахад Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭХ-ны үүрэг оролцоо өндөр байдаг. Цаашид ч бид хамтран үр дүн гаргахын төлөө ажиллана. Хөдөө орон нутаг, салбар дунд анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудаар МҮЭХ-ны төлөөлөл та бүгдийн тавьж буй шаардлага тэмцэл зүй ёсны бөгөөд бид бодит ажил хэрэгч байдлаар холбогдох сайд, орон нутгийн удирдлагуудтай илүү нарийвчлан шийдэл гаргаж Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногоос Авлигын шүүх байгуулах талаар дахин хөндөж эхэлсэн байна. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ч ширүүхэн үг хэлээд авчээ. Л.Оюун-Эрдэнэ “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэж ярьжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд энэхүү авлигын шүүхийн хуулийг 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тэгэхдээ “Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөстөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн байдаг.
dnn.mn