Монгол Улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө.
-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан багш танд “ Алсаас мэнд дамжуулах цаг ирэх юм” гэж айлтгасныг уламжилъя!
-Сар шинэ сайхан шинэллээ. Галсангийн бие сайн уу?
-Багшийн бие сайн.
-Ай мөн сайхан бие хаа сайтай хүн юм аа. Галсан чинь надаас найм ах хүн юм шүү дээ. Би 1940 оных юм байгаа юм. Тэгэхээр 1932 оны хүн шүү дээ.
-За та юу аязагнаж байна. Хаваржаа тавлаг уу. Зохиолчид ирж золгов уу?
-Би гэр зууртаа, цахим харсан шигээ сууна. Зохиолчид хааяа ирдэг юм аа. Би чинь их эртний хүн болчих гээд байна. Одоо тэгээд ганцаараа шахуу болох нь шив дээ, үеийнхнээсээ. Эвгүй юм. Үр хүүхэд ирэх юм. Биологийн хувирлаар хүн чинь их эвгүй болчих юм байна шүү дээ. Ийм үедээ урьдын ухаантай улс чинь хүнтэй нэг их уулзахгүй болчихдог байсан шүү дээ. Чихэвч зүүгээд зурагтаар орос, монгол хоёр хэлээр мэдээ харчихдаг юм. Энэ надад одоо илүү зан шахуу юм. Уг нь урьдын монгол зангаар бол энэ бүхнээс хол маани уншаад хэвтээд баймаар байх юм. Манай ээж, аав хоёр “Дүнчүүр маани уншина” гээд орой болгон суугаад байдаг байсан юм. Аав, ээжийнхээ хэмжээнд би гэгээрээгүй байна л даа. Тэд чинь хорвоог хуурамчийг нь ойлгоод, алив зүйлд оролцоод ч хэрэггүй гэж буян хурааж л байсан юм байна л даа. Өөрийгөө тамд битгий унаасай гэж маани уншихаас гадна “Эх болсон хамаг амьтны тусын тулд” гэж уншиж байсан юм шүү дээ. Тэр одоо үед их хоцрогджээ.
-Яаж хоцрогдсон байна?
-Хүн төрөлхтөн чинь үүссэн цагаасаа эхлээд үзэл бодол нь янз янзын чиглэлээр өөрчлөгдөөд явна шүү дээ. Эрхи эргүүлээд, дүнчүүр маанинд хүргэх гэж сууснаас би бол нөгөө л бодсон санасан санаагаа хуваалцах юмсан гэж боддог, ялангуяа залуус та нартай.
Интернэт гэж нэг сайхан юм гарч ирсэн нь их зол шүү. Нийтлэлч Баабар, Цэнддоо эд чинь нийтлэлчдийн клубтэй. Тэнд юм бич гэдэг юм. Тэр маань надад яахав дээ, амьд байгаагаа харуулах, амьд байгаагаа харуулах гэж ярих юм даа, зохиолч нар. Бас тэгж бодох хаашаа ч юм бэ. Биднийг харах гэж хүсэж байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бид харагдах гэж хүсэхээс илүү уншигчид харъя гэж хүсэж байгаа бол өөр хэрэг юм даа. 84 нас гэдэг ч аргагүй тэгж шахаанд оруулж байх шиг байна.
-Таныг нас өндөр болсон ч Монголын нийгмийн сэтгэл зүйг шинэтгэгчдийн нэг гэж үзэх хүн олон байдаг даа?
-Хээцэс. Гэхдээ намайг оюутан байхад тухайн үеийн урлаг, уран зурагт модернизм ид хэрүүл маргаан тарьж байсан. Би тэрийг үзээд дотроо бодсон юм. Гоё юм л даа, уг нь. Сэтгэлгээ нь их гоё. Хүн сэтгэж чадамгүй, хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг, галзуу солиотой ч юм шиг тийм чиглэл шүү дээ, модернизм чинь. Тэр чинь аль эрт XIX зуунд Кандинскийгээс эхэлсэн юм. Франц энэ тэрд хөлөө олоод зуу гаруй жил болчихсон, эрэл хайгуул хийгээд хуучирчихсан зүйл шүү дээ. Тийм чиглэлийг би үзэж үзэж “Энэ бол Монголд хэрэггүй юм байна. Монголд ард түмнийг гэгээрүүлэх (уран зохиол ч биш) эсээ л хэрэгтэй юм байна” гэж ойлгосон хэрэг. Монголын ард түмэн гэдэг чинь тэр үед улаан оросуудад хууртчихсан байсан. Улаан Оросын ард түмнийг чи одоо хар.
-Их л том гүрний байдлаар дайн байлдаан хийж байх юм байна шүү дээ?
-Хажуудахтайгаа дайтаад, дэлхийн адаг шаар болж байна шүү дээ, энэ сайхан орон. Ийм сайхан орны шавь нь болсон Монголын ард түмэн юу хийх ёстой вэ гэхэд надад бол гэгээрүүлэх хэрэгтэй юм л гэж бодогдсон. Тэгээд соён гэгээрүүлэх, хөдөлмөрч, их өндөр мэдлэгтэй, ухаалаг зөв хүн үүсэх, Монголын ийм ядаж нэг гурван сая хүнтэй болчихоосой гэсэн бодол намайг өөрийн эрхгүй хөтөлсөн дөө. Тэр замаар явсан. Миний бүтээлийн гол цөм үндсэндээ эсээ. Монголын ард түмнээс төрсөн Дарамын Батбаяр гэж сайхан зохиолч байлаа даа.
-Гайхамшигтай авьяастай зохиолч шүү…
-Д.Батбаяр байна. Д.Урианхай ч оролцсон байх. Намайг Зохиолчдын хороонд ажиллаж байхад эд чинь нэг бүлгэм шиг юм байгуулсан уу, яасан. Батбаяр, Урианхай нарын “БиШүБи” (Билгийг шүтэн бишрэгч) урсгал чинь ерээд оноос хүчээ авсан. Би Зөвлөлт, Польшийн зураач, оюутнуудаас жараад онд мэдчихсэн байсан болохоор ерээд онд “Эд маань түүгээрээ явж л байна биз” гээд ороогүй. Модернизм нь ч байж л байг, миний соён гэгээрүүлэх чиглэл ч байж байг, Монголын уран зохиол олон сайхан жимстэй, навчтай мод байх хэрэгтэй шүү дээ.Одоо бодоход Д.Батбаяр, Д.Урианхай нар маань шинэ зүйлийн эх үүсвэрийг ерээд онд тавьж, залуучуудыг өгдөөж байсан нь зөв байжээ, буруу байгаагүй. Ер нь урлагийн нэг урсгал нөгөө урсгалаа үгүйсгэж болохгүй. Зэрэгцэж орших учиртай. Тэрнээс биш шинэ урсгалаар явсан нь сайн зохиолч, реализмаар юм уу, шидэт реализмаар явсан зохиолч муу гэх хэрэггүй. Барьж авсан чиглэлдээ торойж гарч ирэх нь үү, урлаж чадаж байна уу, тэр “изм”-ээ жинхэнэ чулуу болгож чадаж байна уу гэдгээр нь л дүгнэх хэрэгтэй. Тэрнээс реализм муу, модернизм сайн гэх хандлага байж болохгүй гэж би хойч үедээ захих гээд байгаа юм. Ямар ч урсгал явж л байг, бүү саад хий. Шинэ чиглэлээр явсны сайн гэж бас ч байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Ийм учиртай. Миний нас өндөр болчихлоо. Би бол өөрийн чиглэлээрээ явсан. Одоо чадахаа байлаа.
-Чадахаа ч байгаагүй байх аа, та?
-Өнөөдөр нөгөө л гэгээрүүлэх чигээ л барьж сууна. Миний Монголын ард түмнээс илүү гэж юу байхав дээ, уг нь хүнд хэлмээргүй л дамшиг, гэхдээ дутуугаа гэгээрүүлэх, хүнээс илүү хүн болгох гэсэн бодол минь хэвэндээ байна аа. Энэ сошиал (нийгмийн сүлжээ) энэ тэрийг харж, тролуудын жиргээнүүдийг уншиж байхад, хулгайч нар баригдахгүй хууль завшиж байхад, энэ хуйвалдаан энэ тэрийг ажиглаж байхад миний чиг болгож явсан гэгээрүүлэх чиглэл арилахгүй дамшиг шиг байна аа. (гашуунаар инээв. Л.Б) Энэ муу муухай арилахгүй байсан цагт, луйвар хулгай хүчтэй байсан цагт миний энэ явж байгаа соён гэгээрүүлэх чиглэлд зохиолчид маш хүчтэй түрж орж ирэх хэрэгтэй. Энийг юу уядуулж, нийгмийн хөгжлийг ахиулахав гэвэл нөгөө гэгээрсэн ард түмэн л төгс утгаар нь чадна. Найдах юм гэвэл хууль бус, авилгач бусармаг зүйлтэй гурван сая таван зуун мянган хүн бүгдээрээ дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэйгээр тэмцвэл дийлнэ. Баталсан хуулиа бид сайн, муу гэж яриад байгаа юм. Нэгэнт л баталчихсан хуулиа бид муулж байхаар яс биелүүлэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэмцэж л байг. Тэрэнд найдаад хэрэггүй. Би юунд найдах вэ гэвэл нэг юм байна.
-Та юунд найдаж байна, тэгээд?
-Олон жилийн дараа ч бай, гэгээрсэн ард түмэнтэй болбол нийгмийн бусармаг муухай бүхэн арилна. Миний бүтээл, хойч үедээ захих уран зохиолын чиглэл бол ард түмнийг гэгээрүүлэх. Энэ чиглэлийн урлаг сул байна. Энийг чангаруулах хэрэгтэй. Модернизмээр явж байгаа Галсансүх эдэнд баяр хүргэе. Би бол гэгээрүүлэх чиглэлийг л маш хүчтэй орчин цагийн байдлаар, өөрөөр хэлбэл бүр модерный байдлаар гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг л хэлье дээ. Би гэгээрүүлэх гэдэг чиглэлээ дидактик (заах аргын) маягаар богино богиноор давтаж олон түмэнд хүргэх бодолтой болсон. Өөрийнхөө зөв гэж байгаа юмыг масст давтаж хүргэх гэж байгаа бол сурганы арга хэрэглэмээр байна шүү дээ. Тэр утгаар бичлэгээ хумиад, сэдвийг нь цөөрүүлээд, урьд бичсэнээ ухуулгын (ухуулга гэж хэлье, бүдүүлгээр) аргаар хамгийн цөөхөн үгээр яаж хүнд хүргэх вэ гэдэг зарчим л барьж байгаа. “Ах нь зохиолч явсан” л гэхээс одоо бол би зохиолч биш ээ. Яахав, түрүүний бичсэн зүйлс маань уран зохиол юм аа, уран зохиол юм.
-Та өөрийгөө зохиолч биш гэсэн, гээгүй таны зохиол бол Монголын нийгмийг сэрээсэн, соён гэгээрүүлсэн, хүнд юм бодуулсан сайхан бүтээлүүд шүү дээ. Одоо уран бүтээл аль хэр хийж байна?
-Уран бүтээл одоо бичиж чадахгүй болжээ.
-Таны дүр төрх ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайтай их адилхан болж байна аа?
-(Инээв. Л.Б) Ц.Дамдинсүрэн гуай юу?
Тийм байх аа, хамар, нүд энэ тэр ойролцоо байх. Дамдинсүрэн гуай надад их сайн байсан юм шүү. Ринчен гуай ч их сайн байсан. Миний бичиж, зурж байгаа юм сонин санагддаг байсан байх. Миний жижиг санаанууд тэр хоёрын сэтгэлд их туссан бололтой байгаа юм л даа. Яагаад гэвэл миний “Тоншуул”-д бичсэн юм чинь шүүмжилсэн л бүтээл байдаг. Нөгөө л гэгээрүүлэх чиглэлээрээ Цэдэнбалын дэглэмийн хүнд суртлын болох болохгүй юмыг арай нэг хэрэгт орохоос наагуур хөндөөд байсан байхгүй юу. Тэр утгаар тэр хоёр надад их сайн байсан байх. Ринчен гуай ирж уулзана. “Их нүүдэл” романыхаа зургийг хэлж зуруулаад.
-Өө, бүр номынх нь зураач байж…
-Би зургийг нь бүр хичээж зурсан. Би нэг л номон дээр их анхаарсан. Би чинь номын дизайны чиглэлийн Хэвлэлийн дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Тэгээд надад их сайн. Дамдинсүрэн гуай шүүмжилдэг талаас нь дэмждэг байсан байх.
-Ардын зураач Цэвэгийн Байды андтайгаа ойрд уулзав уу?
-Байды ирж золгосон. Инженер Л.Өлзийбат маань гавьяат болсон байна. Хоёулаа ирж золгосон. “Тоншуул”-ын хэд” гэж би цагаан сарын өмнө үржсэн хэдэн дүү нартаа зориулж мэнд хүргэх маягаар бичсэн юм. Эд маань бас л над шүүмжлэлт чиглэлээр явж байсан. С.Цогтбаяр маань гэргийтэйгээ ирлээ.
-Таны хүү зохиолч Д.Буян зохиолоо бичиж байна уу?
-Зохиолоор амьдрахгүй болсон цаг юм шүү дээ. Сонин гаргах, нийтлэл бичих гээд янз бүрийн л юм хийж явна. Гэргий нь сэтгүүлч шүү дээ, Баярмаа. Хоёулаа олон хүүхэдтэй, болоод яваа.
-Зурагтаар цаг үеийн мэдээ хардаг гэлээ. Монгол орон маань цас зудтай бэрх л байх шиг байна даа?
-Энэ аймаар юм болж байх шиг байна аа. Ер нь нэг зуд болдог мөчлөгүүд байх шиг байдаг юм. Хэдэн жил болж байгаад хэдэн малыг маань хамдаг. Тэгээд дахиад өсдөг. “Зудтай тэмцэж байна” л гэнэ. Би ардчиллын дараа жараад шахуу насандаа хөдөө Архангайнхаа Хашаатад очиж мал малласан шүү дээ. Зудыг би сайн мэднэ.“Хойшид нүүдлийн, бэлчээрийн мал ахуй яавал дээр вэ” гэж боддог л байсан. Өвс, хужир, тэжээл малчны хотонд очиж л байна. Юм болдоггүй юм аа. Яахав, энийг муулаад яахав, хэчнээн шатахуун шатааж очиж л байг. Дарга нар сүртэй амьтад очицгоодог л юм. Тэр нь тээр дараа л болдог юм. Чи бод л доо, хотонд хонь ямаа нийлсэн мянгаад мал байгаа шүү дээ. Хэдэн боодол өвсийг хэд хоног өгөх вэ? Дарга нарын нэр төрийн төдий л юм. Гэхдээ дэмий байснаас, яахав тавьж өгдөг юм. Түр зуурын цас шуурга болоод мал бэлчээрт гарч чадахгүй, тэнгэр онгойх хоёр гурван хоногт л өвс тавьж өгч болох л юм биз дээ? Тэгээд найдваргүй шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд орчин үеийн ухаан хэрэгтэй байх аа. Малын тоо толгойг цөөрүүлье, чанарыг сайжруулъя гэх зөв л байх. Гэхдээ энэ ч хангалттай мэргэн шийдэл биш. Өөр уран арга олох байлгүй дээ. Залуучууд гадаадын улс орнуудад яваад байх юм, анзаарч ажиглаж л яваа. Гадаадын улс орнууд чинь мал аж ахуйтай шүү дээ. Байгаль нь ч өөр юм.
-Нүүдлийн биш эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй л гэцгээх юм?
-Монголын нүүдлийн таван хошуу малд орхиж болохгүй нэг маш үнэтэй зүйл байгаа юм.
-Тэр нь юу байна?
-Монгол мал үнэгүй хоол иднэ. Гадаадын, тэр Европын байнга тэжээлгэж байгаа малын чинь тэжээлийн зардал, дулаан, цахилгаан, эмчилгээнд маш их зардал орно шүү дээ. Тэгэхээр малаас гарах ашиг шим үнэ нь өсөөд явчихна. Манайхан бол малаа уул тал руу хөөчихөөд, ирэхээр нь хотлуулаад, сул олз олоод байгаа юм. Энэ сайхан, гэхдээ энүүгээр үргэлжлүүлж аж төрж болохгүй нь л дээ. Манай энэ буриадуудыг их ажилсаг гээд магтдаг. Халх, буриадууд ялгаа байхгүй адилхан Монгол Улс. Нэг буриад “Халхууд ажилсаг” гэж хэлж байна лээ. “Яаж байна” гэсэн “Бид яахав, өвстэй хангай газар, модон дотор байгаа юм чинь хадлан арвин их байна. Энийг чадлаараа аваад овоолчихсон, цөөхөн хэдэн малтай л байгаа улс” гэж байна. Үнэн л дээ. Ой дотор олон мянган мал байж болдоггүй шүү дээ.
-Нээрээ л тийм юм даа?
-Мал хаана өсөхөв гэвэл танай Баянхонгорт л, манай Хашаатад өснө ш дээ. Хэнтийн Биндэр, энэ Онон мононд дэлгэртлээ өсөхгүй шүү дээ. Ахуйгаараа цаанаасаа байгаль тэднийг тийм болгож байна. Тэгэхээр буриадууд хадлангаа авчихдаг л болж. Буриадууд цас уналаа гээд зуданд малаа үхүүлнэ гэж айхгүй шүү дээ. Тэр аргыг говьд хэрэглэе гэхээр болдоггүй. Хадлан олигтой ургахгүй. Мал нь олон тоо толгой, үхэж л байдаг. Зуд зулагтай гэдэг. Үхээд дараа нь өсөөд явж ирсэн юм байна. Хэдэн галваар ч явсан юм, бүү мэд. Энэ уламжлалаа аваад явах л юм шиг байгаа юм. Би чамд олон юм яриад яахав, монголчууд одоо сэхнэ. Одоо бараг сэхчихжээ.
-За, яаж сэхэж вэ?
-Сайхан болж байна. Одоо хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль баталдаг 76 хүнээ 126 болголоо. Тэд нар чинь хуучны үгээр бол “Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг” улс шүү дээ. Ардын үг шүү, миний үг биш. “Хууль тогтооно” гэж худлаа амлаж Их хуралд суучихаад хууль хууль батлаад байна. Энэ зөв. Зөвхөн шинэ хууль зохиогоод байх биш, хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэвэл засарна. Энэ төр засгийг би муу хэлээд байдаг чинь сайжруулахын л тулд юм шүү дээ. Насаараа шүүмжиллээ. Хоосон магтаалаа багасгаж, муу хэлж засъя гэдэг үзлийг “Тоншуул” сэтгүүлийнхэн баримталлаа л даа. Цөхөрсөн, зутарсан ард түмэн захидал бичвэл “Тоншуул” аврах юм шиг санадаг байсан. Бөөн захидалд дарагдана. Төв хорооноос томилогдсон дарга түшмэд л шийднэ. Том дарга шүүмжилж эхлээд хариугүй жоохон дарга, ядуу зүдүү малчин дээр буугаад сүүлдээ хурган хуц, бухан бяруу шүүмжлээд өнгөрдөг байсан. Одоо бол шүүмжлээд, жагсаж байгаа чинь зөв. Урьд чинь “Бид Зөвлөлтийн хүчинд капитализмыг алгасчихсан, дэлхийн хоёр дахь социалист орон, бүх ард түмэн бичиг үсэгтэй” гээд өлсөж үхэх гэж байгаа нэгдлийн гишүүн нэгдлийн даргаараа хонь цохуулж иддэг мөртлөө тэгж ярьдаг байлаа шүү дээ.
-Одоо ч ёстой дураараа дургидаг болсон доо?
-Тэгэхэд одоо “Өлсөж үхэх нь. Энэ ардчилал элгээр нь хэвтүүлчихлээ. Энэ хулгайч нарыг шоронд хийж, шонд өлгөөч” гэж хашгичаад зарим нь жагсаж байгаа биз дээ. Хамаагүй дээрдэж байгаа биз. Одоохондоо үр дүн нь хангалттай сайн биш.
Үр дүн сайн нийгэм Америкт ч байхгүй л байна. Гэхдээ засраад л байна. Ардчилал, чөлөөт зах зээл Монголыг зөв голдиролд нь оруулсан. Би тэр сайхан цагийг үзэж чадахгүйдээ харамсаж байна. Урт наслах гэж харамсаж байгаа юм биш. Яг сайхан болдгийн ирмэг дээр би ная гараад явчихлаа.
-Та ануухан байна аа. Хоцорсон, амьжихгүй нь гэж нүгэлтэй юм яриад яах вэ, ах минь?
-Энэ ч уг нь нүгэлтэй юм биш ээ. Төрөх, үхэх хоёр адил. Үхлээс айж болохгүй. Яагаад гэвэл хувирал. Гагцхүү, төрснөө би мэдэхгүйтэй адил үхэх бол хүүхэд төрж байгаатай адил хувирал.
-Та ер нь хойд нас байдаг гэж боддог уу?
-Би урьд “Хойд нас, Бурхан, сүнс байдаг юм болов уу, үгүй юм болов уу” гэж их боддог байсан. Одоо би энэ талаар огт боддоггүй. Харин нэг боддог юм бол “Энэ яваа насандаа нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх хэрэгтэй. Чадах юман дээр тус бол, чадахгүй юмандаа бүү гай бол”. Ердөө товчхондоо энэ. Энэ сүнс байх, байхгүйн тухайд хүн төрөлхтөн хэчнээн зуун жилийн дараа ч юм, олно л биз. Одоо энэ тухай бол над шиг настай хүн яриад ч хэрэггүй, тийм юм. Нэг юм бий, “Хойд нас байхгүй” гэхээр нүгэл үйлддэг байхгүй юу. Хүн алах, хулгай хийх нүгэлийг хорихын тулд шашин үүссэн.
-Нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээнэ гэдэг их аятайхан философи юм даа?
-Хуулиа л биелүүлдэг болчихвол. Авлигыг аль ч нам засахгүй, хүчирхэг масс л засна. Хүчтэй масс, миний хүсээд уриалаад байгаа ард түмэн, хөрс шороо Монголд бий болчихвол дураараа дургидаг дарга байхгүй болно шүү дээ. Тэр дороо л үхнэ.
Л.Батцэнгэл
dnn.mn