Төр засаг жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/ хөгжүүлнэ гээд чамгүй хөрөнгө, хугацаа зарсан. Инээдтэй нь хөгжүүлэх гээд байгаа ЖДҮ-д зориулсан мөнгөнөөс нь эрхэм гишүүд хуссанаар тухайн жилдээ ЖДҮ ярих нь галзуу хүний өдрийн тэмдэглэл болж хувирав. Эрхэм ЖДҮ-чин гишүүдийг хэсэг залуус “Зоосны нүхээр зулгаана, дөрвөн мөчийг санжуулна” хэмээж байсанч, орчин цагт тохирохгүй шийтгэл. Тэгээд ч ЖДҮ-дээ ч биш өөр шударга ёсэы төлөө тэмцэл байсан бололтой юм. Цааз, хуулийг тэгсгээд орхив бололтой.
Монголын эдийн засагт сүүлийн хориод жил үргэлжилж буй чамин үзэгдэл бий. ЖДҮ-г хөгжүүлэх, үнэ тогтворжуулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хэр их мөнгө гаргана тэр хэрээр асуудал ужгирна.
Тухайн хөрөнгөөр шийдэх асуудал улам хурцдах тусам хэний ч санаанд ороогүй салбарууд тэр хэрээр ашиг хийнэ. Жишээлбэл ковидын үеэр хил хаалттай байхад ажлын байрыг дэмжих нэрээр гурван их наяд төгрөг дотоодын зах зээл рүү цацсан. Үр дүн мах, нефть, доллар, инфляци, ААН-үүдийн дампуурал, ажилгүйдлын өсөлт.
Үүнтэй зэрэгцээд санхүүчид өмнөхөөс хэд дахин их ашиг олсон тухай мэдээлэл гарав. Хэн, хаанаас мөнгө гаргаж санхүүчдыг капиталжуулав гэсэн асуулт гарна. Мэдээж иргэд л байж таарна. Ковидгүй үед мөнгөгүй байсан иргэд ковидын үед яаж баяжив гэдэг асуулт нэмэгдэнэ. Хил хаалттай үйлдвэрлэл, үйлчилгээ зогссон үед иргэд гэнэт дэрэн дор нуусан гулдмайгаа гаргаж, Монголбанкинд тушаасан л биш бол төрөөс гаргасан мөнгө энд тэнүүчилж байгаагаас зайлахгүй.
ЖДҮ-гийн мөнгө ББСБ-д золбинтож яваа мэдээ гарсанч нам дарагдсан. Төр ЖДҮ-г хээлтүүлэх гэж чамгүй хөрөнгө, хугацаа зарсан. Өнөөг хүртэл зээл тараасан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Байх ч учиргүй.
Өнөөдөр ЖДҮ-д зориулсан хөрөнгийг мөчлөөд тараачихна. Олон мянган иргэд авсан харагдах ч, энэ нь зөвхөн цөөн акулуудын халхавч. ЖДҮ-гээс зээлдэгч иргэийн ихэнх үйлдвэрлэл эрхлэх төсөлд боловсруулдаг гэнэ.
Хэдийгээр тэд нэг их татвар төлдөггүй ч, байнга “Татвар, хүү өндөр, барьцаа нэхэж байна, хугацаа богино байна” хэмээн үглэсээр өнөөг хүрсэн. Тэд энэ ертөнцөд байхгүй зээлийн нөхцөл нэхнэ. Социалист төр бараг л энэ нөхцлийг хангана. Инээдтэй нь социалист ЖДҮ-гийн өрөм нь гишүүдэд, хусам нь иргэдэд очно. Хусамтай иргэд үсрээд л хэдхэн эсгий углавч, монгол дээл, хэдэн шил ногоо л үйлдвэрлэх боломжтой. Тэдний төрд тавих дараагийн шаардлага борлуулалт, тээвэр, худалдааны цэг.
Эрх баригчид энэ бүхэнд буулт хийнэ. Нийслэлд хуулиар мөнгөө төлөөд газар авч бизнес хийх сонирхолтой олон иргэд байдаг. Гэтэл эрх баригчид нийслэл дэхь их хэмжээний сул газрыг дуудлагаар худалдаж шударга бизнесүүдэд боломж олгохыг хүсдэггүй. Эдгээр газруудыг хөдөөгийнхөн, ногоочид, ЖДҮ гэх мэтээр үнэгүй ашиглуулна. Инээдтэй эь тэдгээр газрууд нэг л мэдэхэд аль нэг компанийн мэдэлд очсон байдаг. Улмаар аль нэг бүтээн байгуулалт эсвэл иргэдийн тав тухтай холбоотой маргаан үүсдэг. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ бизнес байдаг.
Гэтэл манай ЖДҮ-гийн хөрөнгө оруулалт, тогтолцоо нь бизнес төрүүлэхэд бус, ердийн болхи албан ёсны луйвар. Аливаа хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөх ёстой. Хүнээр бол жирэмслэх ёстой. Гэтэл манай ЖДҮ-гийн хөрөнгө оруулалт мөнхөд халамж нэхсэн нэг хэсэг, нөгөө хэсэг нь үйлдвэрлэл эрхлэх бус албан тушаалаа ашиглан зээлд хамрагдаж санхүүгийн бизнес хийдэг боломж олгож байна.
Бусад оронд жижиг, дунд үйлдвэрүүд томоохон компаниудын дэргэд төрдөг бол манай төр л ЖДҮ-г хээлтүүлж жижиг бизнесийг хөгжүүлэх гэж 20 жил оцогноод үр дүн нь авлига.
Жижиг үйлдвэрүүд иргэдэд таалагдсан бус өөрсөддөө таалагдсан зүйлээ л иргэдийг авсангүй гэж гомдоллоно. Мэдээж бусдад таалагдах зүйл хийдэг үйлдвэрлэгчид бий. Гэхдээ тоо хэмжээ нь бизнес гэхэд хэцүү.
Өнөөгийн нөхцөлд жижиг үйлдвэрлэл хөгжих гуравхан боломж л байна. Эхний ээлжид томоохон үйлдвэрийг дагаж төртэй төргүй бойжиж байгаа үйлдвэрүүд. Эрдэнэт, Оюу толгой жишгээр явах боломжтой. Мөн бизнесменүүд дотоодын жижиг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг бөөндөж гадагшаа гаргах.
Гэхдээ энэ чиглэлээр ажиллах гэж оролдсон залуус “Жижиг үйлдвэрлэгчидээс холхон байсан нь өлзийтэй”гэх. Манайд хамгийн тохиромжтой хувилбар жуулчдын гарын бэлэг. Үйлдвэрлэл нь ч дажгүй түвшинд хүрсэн. Дотоодын хэрэгцээг хангах боломжтой гэнэ. Нэгэн үйлдвэрлэгчийн яриснаар бэлэг дурсгалын зүйлс музейн дэргэд зарахыг зөвшөөрдөггүй. Музейн удирдлага зөвхөн өөрсдийн эрх ашигт зохицуулна. Улмаар дэлгүүрүүдэд тавихаас өөр замгүй. Энэ нь багаар тооцоход борлуулалтын 30 хувийг суутгана. Ийм байхад ЖДҮ хэзээ ч жирэмслэхгүй. ЖДҮ-д гаргасан хөрөнгө финтек хавьцаа угаагдсаар байх болов уу.