spot_img
ЭхлэлФото мэдээНийтийн эдэлбэрт нэмж 3.7 га газар бүртгэнэ

Нийтийн эдэлбэрт нэмж 3.7 га газар бүртгэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэх ажлуудыг үе шаттай хийж байна. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 133 байршлын 225.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр зөвлөлийн хуралд танилцуулав. Үүнд:

Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га

Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га

Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га

Сүхбаатар дүүрэгт  гурван байршил бүхий 2.07 га

Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га

Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га газар байгаа юм.

Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва  “Энэ бол жишиг болсон сайн ажил. Цаашид нийтийн эдэлбэрт бүртгэх газрыг нэмэгдүүлж, тохижилт хийхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн хашаа, хайс, гарааш буулгаж байгаа нь дугуйн зам, явган замыг нэмэгдүүлэх, тохижилт хийхэд ач тустай” хэмээлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Өнгөрсөн зургаадугаар сард 16.9 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэсэн. Цаашид  газар чөлөөлсөн 188 байршлыг нийтийн эдэлбэрт авахаар ажиллаж байна. Ирэх жил мөн 20 га орчмыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ” гэв. Энэ жилийн хувьд 20 км хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс ажил 92 хувьтай байна. Мөн 4860 гарааш чөлөөлөхөөс 4100 гарааш буулгаад байгаа юм.

Хотын дарга дээрх ажлууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлоод, ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Тус асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛАХ ЗОГСООЛУУДЫН БАЙРШЛЫГ ТАНИЛЦУУЛАВ

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийн байршлыг тогтоох тухай танилцуулав.

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1.5 машин ногдож байна. Улаанбаатар хотын хэмжээнд 216 га талбайд 72.6 мянган тээврийн хэрэгслийн зогсоол байгаа юм. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 74 байршилд 2104 авто зогсоолд иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 350-450 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд 69 хувь нь хувийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Төлбөртэй болон төлбөргүй зогсоолын сэлгэлтийн судалгаа хийхэд, төлбөргүй зогсоолын дүүргэлт өглөө 09:00 цагийн байдлаар 100 хувь, өдрийн турш сэлгэлт 16 хувь байжээ. Харин төлбөртэй зогсоолын сэлгэлт 100 хувь байгаа юм.

Төслийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчмын авто зогсоолыг судлахад 184 байршилд 4857 тээврийн хэрэгслийн зогсоол тоологдсон байна. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд

Газар доорх авто зогсоол байгуулах,

Их багтаамжтай авто зогсоол байгуулах,

Автомат, ил давхар зогсоол байгуулах,

Гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ. Энэ хүрээнд эхний ээлжид дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тодруулбал, Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийх саналтай байгаагаа танилцууллаа. Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Өнгөрсөн тавдугаар сараас хойш судалгаа хийж, тодорхой шаардлагууд тавьж дээрх дөрвөн байршлыг сонгосон. Жишиг болохуйц авто зогсоолын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

ӨМЧИЛСӨН ГАЗРАА ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖ БАЙГАА 493 ИРГЭН БАЙНА

Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлыг танилцууллаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна. Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай авто засвар, тос тосолгооны чиглэлээр 493 нэгж талбар буюу нийт газар өмчилсөн иргэдийн 0.26 хувийг эзэлж байгаа юм. Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байгаагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган дээрх 493 иргэний газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан юм.

ОН ГАРСНААС ХОЙШ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 2377 ИРГЭНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав. Гал түймэр, аврах ажиллагааны нийт дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өсжээ. Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэний амь аварч, 78.5 тэрбум төгрөгийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагыг өмнөх гурван жилийн дундажтай харьцуулахад, 14.4 хувиар буурсан гэнэ.

Он гарснаас хойш үерийн 120 гаруй дуудлагад ажиллаж, 150 иргэнийг аварчээ. Сүүлийн 12 жил гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд усны ослын 42 дуудлага бүртгэгдэж, 80 иргэнийг аварчээ. Мөн нөлөөллийн ажил хийсний үр дүнд, тухайлбал, усанд осолдсон иргэдийн тоо 3.5, дуудлага 17.7 хувиар буурчээ. Өнгөрсөн хавар хуурайшилт их байсан ч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч, ногоон бүсэд эргүүл зохион байгуулснаар томоохон ой, хээрийн түймэр гараагүй байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хот стандарттай байх боломж бүрдэж, Хотын 38 стандартыг баталсан. Тухайлбал, Хот байгуулалт, төлөвлөлтийн нэг, Ногоон байгууламжийн тав, “Иж бүрэн гудамж” гурав, Нийгмийн дэд бүтцийн дөрөв, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны гурав, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө 10, Зорчигч тээврийн үйлчилгээний тав, Хог хаягдлын менежментийн тав, гэрэлтүүлгийн хоёр стандартыг баталсан юм. Энэ хүрээнд 25 арга хэмжээ бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл дээрх захирамжийн хэрэгжилт 87 хувьтай байгааг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.  Мөн хоёр дахь бүлгийн 29 стандартын Ажлын хэсэг байгуулагджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77 %
1kmh
0 %
Лха
-16 °
Пүр
-11 °
Баасан
-12 °
Бям
-9 °
Нар
-7 °
spot_img