Саяхан хууль зүйн нарийн бичиг хошин шогийнхны талаар үзэл бодлоо илэрхийлэв. Түүндээ хошин шогийнхны орлогын нэг хэсэг болох зар сурталчилгааг зогсоохыг уриалав. Гэтэл хуулийн яамны үүдэнд хошин шогийнхон цуглан төрийн нарийныг уучлал гуйхыг шаардав.
Нөгөөх нь уучлал гуйсан. Гэсэнч маргаан дууссангүй доромжилсон асуудал дээр нь нэмэгдэх бололтой юм. Зүй нь хошин шогийнхон доромжлуулсан эсвэл гүтгүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхдэх эрх нь нээлттэй. Гэхдээ хуулийн төрийн нарийн шүүхдэх хэмжээний алдаа гаргахгүйгээ сайн мэднэ.
Нуулгүй хэлэхэд хуулийн төрийн нарийны хошин шогийнхны талаар хэлсэн үгтэй би санал нийлж байгаа. Орлого олдог зар сурталчилгааны тухай үг нь жаахан хатуудсан байж мэдэх. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн хэрэг биш.
Жирийн иргэд энэ битгий хэл сошлоор хүмүүсийг доромжилдог. Хошин шогийнхныг ч илт доромжилсон сэтгэгдлүүд харагддаг. БНН-ын дарга Б.Жаргалсайхан бас тв-үүдээр хатуу шүүмжилдэг. Түүнээс сэтгүүлчид “Та хошин шогийнхныг хатуу шүүмжилдэг. Тэд янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг үү” гэж асуухад “Үгүй” гэж хариулж байв. Мөн лам нар ч нэг удаа хошин шогийнхныг хэрээс хэтэрсэн тухай мэдэгдэж байсан.
Монгол улс өнөөг хүртэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас их хэмжээний зээл тусламж хүртсэн нь ардчиллын ач. Энэ зээл тусламжаас хүртээгүй хүн бүү хэл мал ч монголд байхгүй. Ардчиллын гол тулгуур нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийгээ хэвлэн нийтлэх буюу олон нийтэд түгээх байдаг. 1990-ээд оноос энэ эрхийн дагуу л хошин шогийн салбар хөгжих боломжтой болсон. Энэ нь өнөөгийн олон залуусыг энэ салбарт хүчээ сорих улмаар олонд танигдаж, тодорхой хэмжээгээр хөрөнгөжих боломж олгосон.
Хуулийн яамны үүдэнд цугласан залуус олны танил. Би тэднийг маш олон дэмжигчтэй гэдэгт итгэдэг. Гэтэл сая хуулийн төрийн нарийнтай бүдүүлэг харьцаж байгааг хараад гайхаш төрсөн. Уулзалтын дараах сошлийн сэтгэгдлийг харахад олон иргэд хошин шогийнхныг буруутгаж байна. Бүдүүлэг авирыг элэглэдэг тэд бүдүүлэг авирыг хуулийн төрийн нарийнд гаргав.
УИХ-ын гишүүдийн асуултад ажлаа чадварлагаар тайлбарладаг энэ даруухан залууд урлагийнхан ийм хэлбэрээр уураа гаргах хэрэг байсан л юм байх даа гэсэн бодол төрж байлаа. Албан тушаалтнууд сэтгүүлчдийг үзэл бодлоо илэрхийлсэний шүүхээр далайлгах нь элбэг. Сэтгүүлчид ихэнх тохиолдолд түшмэдүүдийн алдаатай үйлдлийг нийтэлдэг. Үүний төлөө хуулийн байгууллагад дуудагдаж цаг заваа барах нь элбэг. Тиймээс сэтгүүлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө тууштай тэмцэгчид байдаг. Тэд хошин шогийнхныг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдана гэж бодоогүй байх. Төр тэдэнд харамгүй шагналаа хүртээсэн. Иргэд тэднийг хүндэтгэн чамгүй мөнгөөрөө уран бүтээлийг үзэж хөрөнгө оруулсан.
Урлагийн алтан тайз чамгүй олон жил тэдний хийморийг тэтгэсэн. Их урлагийн алтан үеийнхэн тэднийг эхлээд хүн болж, дараа нь жүжигчин болно шүү гэж сургасан тухай ярьдаг. Гэхдээ хүн байхын тулд үг сонсдог байх ёстой, хүнтэй зөв харьцаж сурах хэрэгтэй, ядарсан зүдэрсэнд ээлтэй байх хэрэгтэй. Энэ зарчмуудыг мөрддөг байх хэрэгтэй. Гэтэл хошин шогийнхны хуулийн яамны өмнө гаргасан авир бүдүүлэг авиртныг элэглэж байгаа хошигнолтой адил харагдаж байна. Хэрэв үнэнээсээ ингэж авирласан бол хүн болоогүй байна. Төрийн шагнал, ард түмний хайр ивээл ихэдсэн байж магадгүй байна. Биеэ тоосон, ихэрхсэн үнэр ханхалж байна. Толинд харвал баян айлын эрхийн тэнэг хүүхэдтэй адил харагдаж байна.