Засгийн газар, гадны хөрөнгө оруулагчдыг татах, экспортыг нэмэгдүүлэхээр шар махаа зулгааж байгаа мэт зурагтаар гонгиноно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам, нефтийн үйлдвэр зэргээр нийгмээс эерэг үнэлгээ авч байсан боловч ухаангүй ноёны урагшгүй албат гэгчээр мөнгө, самар, орон сууцны сайд нар нь түүний унах нүхийг малтаж эхлэв.
Ипотекийн зээлийгн эргэн төлөлтийг хойшлуулах, эргэлт зогссон дотдоодын зах зээлд гурван их наяд төгрөгг нийлүүлэх, төсөвт том нөлөөтэй болсон НӨАТ-ын буцаан олголтын сугалааг зогсоосноор дотоодын эдийн засагт шууд болон шууд бусаар хэр хэмжээний хохирол учирсаныг мөнгөний сайд хариуцах болов уу.
Нийслэлийн гэр хорооллыг асар том орон сууцны зах зээл гэж харахгүйгээр нийслэлээ мөчлөх бодлого явуулж байгаа нь Засгийн газрын чадамжийн хэмжээ болж байна. Нийслэлийн иргэдийг янз бүрийн тэр тусмаа санхүүгийн элдэв урамшууллаар хөдөө гаргах нь эдийн засгаа сүйрүүлэх эхний алхам болно.
Ажлын байрны хомсдолоос үүсэж хөдөөгийн их нүүдэл эхэлсэн. Цаашдаа ч эрчимжих нь тодорхой. Гэтэл үйлдвэрлэлийн 70 хувийг бүрдүүлж байгаа нийслэлийг задлах нь эдийн засгийн 70 хувийг сүйрүүлэхтэй адил хэрэг болно.
Нийслэл томрох тусам өөрөө ажлын байраа нэмэгдүүлдэг болох нь сүүлийн арван жил нийслэлд сүндэрлэсэн барилгуудаас харж болно. Сонирхолтой нь барилгын компаниудыг санхүүгээр дэмжихийн оронд үнэ тогтворжуулах мэтийн үр дүнгүй хөрөнгө оруулалтыг татвар төлөгчийн мөнгөөр хийж эдийн засгаа туйлдуулах хяналтгүй эрх баригчдын хийдэг үндсэн ажил болж хувирлаа. Барилгын компаниудын капитал нэмэгдэх тусам газрыг орон сууцаар солих боломж бүрдэнэ. Энэ хэрээр ажлын байр, амьжиргааны түвшин нэмэгдэнэ.
Сүүлийн үед самрын сайд самах экспортлогч компаниудын зөвшөөрлийг хурааснаа мэдэгдэв. Инээдтэй нь хураах болсон шалтгаанаа ажилчин байхгүй учраас гэж тайлбарлав. Үнэн хэрэгтээ самар гаргах нь тухайн компанийн зорилго болохоос ажилтан агуулах нь компанийн зорилго биш.
Дээрх компаниуд шууд бусаар хэдэн ажлын байр үүсгэж байгааг сайд маань тооцож үзээгүй байх. Компаниуд хэр хэмжээний татвар төлж, хэр хэмжээний валют оруулж ирсэнийг тооцсон л баймаар. Ажлын байргүй компанийн зөвшөөрлийг хураана гэсэн заалт монгол хуульд байдаг гэхэд итгэмгүй. Тиймээс сайдын энэ үйлдэлийг Засгийн газар нь валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг эсэргүүцэж байгаа эсвэл компаниудын өрсөлдөөнийг сааруулж зах зээлийг нь булааж, нөгөө хэсэгт давуу тал олгож байна гэхээс өөр дүгнэлт гарахгүй. Нийгмийн дургүйцлийг төрүүлэх дээрхи алхамуудаас харахад энэ Засгийн газар мэргэжлийн байж чадаж байна уу гэсэн асуулт гарна. Яг өнөөдөр сонгууль болбол Засгийн газар ямар дүгнэлт авах бол…
Эрх баригчид өнөөдөр өөрсдийн алдааг засахын оронд Монголбанкаар туг тахих замаар олны бухимплыг дарах гэж оролдож байна. Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн ч байсан эдийн хүндэрсээр л байх болно. Учир нь мөнгөний ханш Монголбанкны үйл ажиллагаас бус Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаардаг. Засгийн газрууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн хэмжээний нийлбэр хэдэн их наядаар тооцогдоно. Хачирхалтай нь үнэ тогтворжуулах тусам тухайн барааны үнэ өснө.
Тиймээс үнэ тогтворжуулна гэдэг нь үнэ өсгөх хэлбэр болж хувирчээ. Өнөөдөр үүнээсээ халиад экспортын эсрэг шийдвэр гаргав. Сонирхуулахад Энэтхэг оффисгүй, арав гаруй мянган ажилтантай компани байдаг гэнэ. Энэ компани монголд орж ирвэл оффисгүй хэмээн хөөгдөх байх. Самарчдын арми, самрын үнийн өсөлтийг харвал самар томоохон валют оруулагч, олон чанартай ажлын байр үүсгэгч салбар болсон. Самрын сайд энэ салбарыг хуулийн хүрээнд өргөжүүлэх, экспортлогч компаниудыг олшруулахын оронд яагаад хумих бодлого хэрэгжүүлж байгаа нь аль нэгэн самрын компанийн төлөөлөгч мэт харагдаж байна.
Х.Бат