spot_img
ЭхлэлСурвалжлагаХ.Эрдэнэбаяр: Бид хүний нөөцийн бодлогоороо манлайлагч байх зорилт дэвшүүлэн...

Х.Эрдэнэбаяр: Бид хүний нөөцийн бодлогоороо манлайлагч байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ жил ирэх тусам өргөжиж байна. Энэ онд л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж нээлтээ хийлээ. Удахгүй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам ашиглалтад орох гэж байна. Тийм учраас төмөр замын салбарт хүний нөөцийн бодлого маш чухал. Өөрөөр хэлбэл, төмөр замын байгууллагууд сайн хүмүүсээ булаацалдах бус мэргэшүүлж, дадлагажуулж, бодлогын түвшинд сургаж авах асуудал бидний анхаарах сэдэв болоод байна. Энэ асуудлын хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцаж, тодруулга авлаа.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын явц хэдэн хувьдаа хүрсэн бэ. Ашиглалтад орвол хэдий хэр хэмжээний хүн ажлын байраар хангагдах вэ?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК энэ төслийн захиалагчаар ажилласан. Цаашид төмөр зам бүрэн ашиглалтад орсны дараа улсын комисс хүлээн авч, аудитын шалгалт орж дууссаны дараа “Зүүнбаян төмөр зам” ХХК-д хариуцуулах юм. Бидний төлөвлөж байгаагаар төсөл бүрэн ашиглалтад орсны дараа буюу 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө болон зөрлөгүүдэд ажиллах 542 хүнийг ажлын байраар хангана. Үүний тулд төмөр зам дээр ажиллах замчин, дохиолол холбооны инженер, барилгын инженер, хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой мэргэжлийн хүмүүсийг одооноос эхлэн хүний нөөцийн мэдээллийн сандаа бүртгэж, төсөл бүрэн дууссаны дараа сонгон шалгаруулалт явуулж, ажлын байраар хангана. Манайд ажилд орохыг сонирхсон хүмүүсийн анкетыг бид цахимаар болон цаасаар хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран хоёр ч удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Ер нь бол цаашдаа говийн нөхцөлд зөвхөн манай төмөр зам дээр л гэхэд 1000-1200 хүн ажлын байраар хангагдахаар байна.

-Төмөр замын салбарт хамгийн их эрэлттэй хэрнээ дутагдалтай ямар мэргэжил байдаг вэ. Тэдгээр мэргэжлийн хүмүүсийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ?

-Сүүлийн жилүүдэд төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Үүнээс улбаалан төмөр замын салбарт мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ, шаардлага тулгамдсан асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд төмөр замын салбарт ажиллах хүний нөөц дутмаг байгаа нь үнэн. “Зүүнбаян төмөр зам” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг эзэмших, түүнийг ашиглахад шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд төмөр замчдыг бэлтгэдэг Төмөр замын дээд сургууль, “Улаанбаатар төмөр зам” Политехникийн коллеж, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль болон Дорноговь, Өмнөговь аймгийн ЗДТГ, орон нутаг дахь Политехникийн коллежуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан төмөр замын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр оюутан залуучуудыг сургаж мэргэшүүлэх, дадлагажуулах цаашлаад энд бэлтгэгдсэн төмөр замчдыг ажлын байраар хангах тал дээр цогц бодлого болвсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна төмөр замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал байдаг учраас энэ чиглэлд олон талт ажил зохион байгуулж байна.

-“Зүүнбаян төмөр зам” ХХК олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн гэж сонссон. Энэ тухайд ямар өөрчлөлт гарч, ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Манай компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо болох чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо /ISO 45001:2018/, Байгаль орчны менежментийн тогтолцоо /ISO 14001:2015/-г төмөр замын салбартаа төдийгүй тээврийн салбартаа зэрэг нэвтрүүлсэн анхдагч байгууллага болсон. Харин одоо нэвтрүүлсэн стандартаа үйл ажиллагаандаа нутагшуулах, баталгаажуулах ажил эхэлж байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтаар нэвтрүүллээ. Энэ нь цаг хугацаа, орон зайг үл хамааран байгууллагын нийт ажилтнууддаа нэгэн зэрэг ХАБЭА-н зааварчилгаа өгөх боломжтой программ юм. Өөрөөр хэлбэл технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөхийн хэрээр компаниудын менежментийн арга барил, хүний нөөцийн үнэ цэнэ, ур чадвар зэрэг нь шинэ түвшинд гарч байгаа. Иймд бид ч бас технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг зорьдог харьцангуй залуу хамт олон юм. Манай компанийн нийт ажилтан, албан хаагчид аливаа асуудалд шийдэл хайж, зугтаж биш зүтгэж ажилладаг харьцангуй бүтээлч, мэргэжилдээ эзэн нь болсон, чадварлаг хамт олон байдагт бахархаж явдаг даа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
78 %
0kmh
0 %
Баасан
-5 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img