Засгийн газраас Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа гэх эмэгтэйг томилсон билээ. Уг томилгоотой холбоотойгоор түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүн яагаад Ховдын засаг дарга болов, улс төрийн ямар нэгэн бодлого уу гэсэн олон нийтийн шүүмжлэл гарч байсан.
Тэгвэл Ховд аймагт албан тушаалтай холбоотой бас нэгэн шүүмжлэл гараад эхэлжээ. Учир нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай хамт Б.Баялаг-Эрдэнэ гэх эмэгтэй ажиллахаар очоод байгаа аж. Одоогоор түүнийг Засаг даргын туслах эсвэл хувийн зөвлөх гэх боловч удахгүй Тамгын газрын даргаар томилогдоно гэсэн яриа гарч иргэд бухимдлаа илэрхийлээд эхэлсэн байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар бол Б.Баялаг-Эрдэнэ нь туслах гэх боловч ямар албан тушаалд, чухам хэний оронд томилогдон ирсэн болох нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн Засаг даргын газрын ажилтнууд учрыг нь олохгүй ч даргаа хэмээн дуудаж, аймгийнхаа бүх шатны хуралд оролцуулсаар байгаа талаар ярьжээ.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг дагаж очсон Б.Баялаг-Эрдэнэ ЗГХЭГ-т шинжээчээр ажилладаг байна. Б.Баялаг-Эрдэнэ орон нутгийн хэвлэлд “Би засаг дарга Э.Болормаатай ЗГХЭГ-т хамт ажиллаж байсан. Засаг дарга Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдож ирснийхээ дараагаар надад ажлын санал тавьсан. Ховд аймаг миний төрсөн нутаг учраас миний сурсан мэдлэг, бас бус өөрийн хүч хөдөлмөрөө төрсөн нутгаа хөгжүүлэх боломж юм байна гэж үзэж ирсэн. Одоогоор ЗГХЭГ-аас Ховд аймгийн ЗДТГ руу шилжүүлэх бичиг наашаа албажаад явж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн” гэсэн тайлбарыг өгсөн байна.