Нийслэлийн прокурорын газраас: шүүгдэгч Э.Одбаярыг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Хэрэгт авагдсан баримтаар, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт автомашинаар хүн дайрсан талаарх бичлэг цахим орчинд тарсан, иргэн Э.Одбаяр нь “… Э.С-г санаатайгаар машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ. Хохирогч Э.С-н биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууж байна вэ? ЦЕГ-с мэдээлэл шаардаж байна!” гэсэн мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, иргэн М.Бас-Эрдэнэ нарын зургийн хамт цахим сүлжээнд байршуулжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад, Дорнод аймагт гарсан гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Ерөнхий сайд болон МАН-ын гишүүн М.Бас-Эрдэнэ нарыг нөлөөлсөн гэх, нөгөөтэйгүүр М.Бас-Эрдэнэ нь Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд гэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж, шүүгдэгч Э.Одбаярыг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оршин суух дүүргийнхээ нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
2. 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг баривчлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргэсэн байна.
Иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нар нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид тэр шөнө ирж, нэр бүхий мөрдөгч нарыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар Д.Монголхүүг тухайн байгууллагын шалган нэвтрүүлэх хэсгээс авч гарсан. Энэ явцдаа Цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байсан тухайн хорих ангийн алба хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг мөн хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт тус бүрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.НЯМДАВАА