Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглана.
Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд нийт 200 блок угсармал орон сууцыг дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байгаа бөгөөд 2703 өрхийн 21 барилга ашиглалтад орсон. Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.
САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.
Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.