УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаарх тодорхой зохицуулалтыг тусгасан аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадны улс орнууд 90 гаруй шалгуураар газрынхаа үнэлгээг тогтоодог. Гэтэл Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж, газрын үнэлгээг голчлон байршлаар нь тогтоож байгаа нь төдийлөн оновч зохицуулалт биш гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн тооцооллыг хийдэг.
Энэхүү тогтоолоор нийслэлийн газар үнэлгээний 16 бүсэд хуваасан бөгөөд бүс тус бүр үнэлгээний ангилалтай. Төслөөр газрын төлбөрийн суурь үнэлгээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн ИТХ-д эрхийг нь өгч байгаа гэсэн бол ажлын хэсгийнхний зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан орон нутгийн эрх хэмжээг тодорхой түвшинд өргөжүүлэхээр Сангийн яамтай удаан хугацааны турш зөвшилцөн, судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан.
Нийт аймаг, нийслэлийн ИТХ бүгд газрын төлбөрийн дээд үнэлгээгээр тогтоовол 458.8 тэрбум төгрөг, бүгд доод үнэлгээгээр тогтоовол 22.2 тэрбум, дунджаар 240.5 тэрбум төгрөгийн газрын төлбөр улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцооллыг танилцуулсан.