Олон улсын эрх зүйч, улс төр судлаач Б.Төмөрхуягтай Үндсэн хууль болон хоёр танхимтай парламентын асуудлаар товчхон ярилцлаа.
-Миний мэдэхийн л 10 гаруй жил Үндсэн хуулиа өөрчилье, шинэчилье гэдэг зүйлийг ярьж байна. Үе үеийн парламент, Засгийн газар, улс төрийн нам эвслүүд энэ асуудлыг ярьдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл дорвитой өөрчилсөн зүйл алга. Тэртээ 1999 онд томоохон өөрчлөлт орсон. Түүнээс хойш 2000, 2019, 2022 онд бага зэргийн өөрчлөлтүүд орлоо. Ингэхдээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлт буюу давхар дээл, Ерөнхийлөгчийн эрх гэх зэргийн өнгөцхөн өөрчлөлтүүдийг хийсэн. Өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга гэдэг эрх зүйн хувьд өөр, өөр ойлголтууд байдаг. Үндсэн хуулийн аль нэг заалтыг хасах, нэмэх, үг, утга санааг солихыг Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг. Харин Үндсэн хууль бүлэг нэмэх, бүлэг хасах зэргийг өөрчилж байвал үүнийг нэмэлт өөрчлөлт гэж хэлнэ. Нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 30 хувиар хязгаарлагддаг.
Өөрөөр хэлбэл, 30 хувьд нь л нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрнө гэсэн үг. Шинэчилсэн найруулга гэдэг бол бүхэлдээ хуулиа шинэчлэх, өөрчлөх асуудал юм. Ямар өөрчлөлт хийхээр байна, тэрхүү агуулгаасаа хамаараад асуудал өөрчлөгдөнө.
-Гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай парламенттай болох зэргийг нэмэлт, өөрчлөлтөөр хийж болох уу?
-Гишүүдийн тоог нэмэхийг л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулж болно. Харин хоёр танхимтай парламенттай болгох асуудал нь өөрөө тогтолцооны суурь өөрчлөлт учраас Үндсэн хуулиа шинээр найруулна л гэсэн үг. Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдаад 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд төрийн эрх мэдэл үнэхээр хүчтэй болсон. Тогтолцооны алдаа, дутагдал маш их бий болж байна. УИХ, Засгийн газар, Шүүх гурав ижил тэнцүү эрх мэдэлтэй байх атал. Засгийн газрын эрх мэдэл нөгөө хоёроосоо илүү болчихлоо. Энэ гурван эрх мэдэл тэнцүү байх үед нийгэмд шударга ёс, хариуцлага, тэгш эрх алдагддаггүй. Харин аль нэг нь илүүрхчихээрэй авлига, хүнд суртал, шударга бус байдал болон хуулийн хэрэгжилт суларч эхэлдэг. Өнөөдөр Монгол Улсын нийгэм ямар байна вэ. Хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж байна уу. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж чадаж байгаа бил үү. Эрх мэдэлтнүүд нэгэндээ хариуцлага тооцож чадаж байна уу. Ингээд үзвэл яалт ч үгүй тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй болсон нь тодорхой гарч ирж байгаа юм. Тиймээс жижиг, сажиг өөрчлөлт бус харин томоохон тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлага аль аль талаас нь бодсон бүрэлдчихсэн гэж ойлгож болох юм.
-Хоёр танхимтай парламент болох агуулгыг та тайлбарлахгүй юу. Ямар байдлаар энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах ёстой юм бэ?
-Би өөрийнхөө санааг л хэлье. Хоёр танхим гэдгээ дээд, доод гээд үзчихнэ. Мэдээж хоёр танхимтай болж байгаа учраас гишүүдийн тоо төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Ойролцоогоор 180 орчим гишүүнтэй болох ёстой. Дээд танхим нь 80 гишүүнтэй, харин доод танхим нь 100 гишүүнтэй. Доод танхимд түүнээс ч олон гишүүд байж болно. Гишүүдийг сонгохдоо сонгуулийн хуульдаа мөн өөрчлөлт оруулна гэсэн үг. Сонгуулийн хоёр л тогтолцоо байгаа. Нэг нь намыг, нөгөө нь хүнийг сонгодог. Тиймээс нийт ард түмний төлөөллийг хангахын тулд энэ хоёр тогтолцоог хослуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээд танхимын гишүүдийг мажоратор тогтолцоогоор сонгох. Доод танхимын гишүүдийг пропорциональ тогтолцоогоор сонгох нь зөв. Ер нь бол дээд, доод хоёр танхим хоёулаа улс орныхоо үйл ажиллагааг шийддэг байнгын, тогтмол үйл ажиллагаатай хоёр танхимынхаа хүрээнд төрийн эрх барих бүрэн эрхтэй байна. Тэгэхдээ нийлээд улс орныхоо эрх ашгийг төлөө явдаг, сонгодог тоглолцоотой парламент байх ёстой гэж бодож байна. Дээд, доод хоёр танхим хоёулаа хууль баталдаг. Дээд танхим нь цөөн хүнтэй, түүнээсээ ерөнхий хууль тогтоомж, батламжаа гаргадаг. Улс орныхоо бүх шийдвэр, Монгол Улсын хувь заяанд нөлөөлөх зүйлд анхаарлаа түлхүү хандуулдаг ийм л парламентын тогтолцоо манайд хэрэгтэй байна. Төрийн бус байгууллага, зарим намууд Монголын авралын од, хямралаас гарах гарц гэж хоёр танхимтай байхын давуу талыг хардаг. Миний хувьд ч мөн адил ингэж харж, ойлгодог. Гишүүд нь жинхэнэ ард түмний төлөөлөл болж ард түмнээсээ сонгогдоно. Тиймээс ард түмний төлөөлөл болсон Их хурал, хууль тогтоох байгууллага гэсэн уламжлалт тогтолцоо талаас нь харах хэрэгтэй.
-Хоёр танхимтай парламенттай болсноор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг яаж сонгох ёстой вэ?
-Ерөнхийлөгчийг дээд, доод танхимын нэгдсэн хуралдаанаар тодруулчихаж болно. Харин Ерөнхий сайдаа дээд танхимаасаа сонгочих. Ийм сонгодог парламентын тогтолцоог олон улс тэр дундаа хөгжингүй орнууд Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байдаг. Бид ч мөн Үндсэн хуулиараа энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлагатай. Ер нь бол хийгдэх нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр шийдэхгүй ч дараагийн гучин жилд шийдэгдэх л асуудал. Тиймээс цаг хугацаа алдаж байхаар эртхэн шиг эдгээр том өөрчлөлтүүдээ ярих шаардлагатай. Аль нэг засаглалд нь эрх мэдлийг төвлөррүүлсээр байвал улс орны хөгжил урагшлах биш ухарна. Өнөөгийн 76 “хулгайч”-ийн бүрэн эрх нь дууссан ч сонгуулиар өөр нэг 76 “хулгайч” гараад л ирнэ. Өмнөх хулгайчуудынхаа идэж ууснаас ч их зүйлийг биднээс хулгайлна гэсэн үг. Энэ байдлаараа явбал бид удахгүй Африкийн араас орно. Тиймээс л тогтолцооны өөрчлөлтөө нэн яаралтай хийх шаардлагатай.