Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр танилцсан юм.
XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, томоороо Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч далайн гол гарц болдог. Хотын дарга Д.Сумъяабазарыг Тяньжин боомтын удирдлага угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшил, онцлогийнхоо талаар танилцууллаа.
Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь:
-Тяньжиний боомтын хувьд технологийн дэвшил, автомат системийг нутагшуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл юм хэмээв.
Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр мөн онцолсон. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар Чү Бинь дурдаж байлаа.
Д.Сумъяабазар: Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна вэ, үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг асар чухал. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.
Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төслийн талаар мөн бидэнд танилцууллаа. Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм байна.
Түүнээс гадна Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацыг судлах, туршлага солилцох, улмаар нутагшуулах талаар судална гэв.