spot_img
Эхлэлонцлох177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол...

177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол аавын хүү байхгүй юу

Зунжин 100 жил тэмдэглэж, шоудаж явсаар гэнэт намартай золгочихов. Асуудлууд хэв хэвээрээ. Хэзээний танил утаа, түгжрэл… дээр нь нэмэгдээд үер ус гамшиг дагуулж, уран цэцэн ярьдаг эрх баригчдын ажилд дүн тавиад өглөө. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой атал зугаалж наадамлаж явж явж ирсэн дарга нар асуудлыг намжаах, түр аргалах гаршсан ажилдаа ханцуй шамлан орсны нэг тод жишээ утааг арилгах шийдвэр байлаа. Ирэх жил сонгууль болохыг ч хэлэх үү, ямар нэгэн аргаар Улаанбаатарыг утаагүй өвөлжүүлэх ёстой.”Аргалдаг” Чойжоогийн мэргэн санаа нь Хятадаас хагас коксжсон нүүр худалдан авч, ирэх өвөл гэр хорооллын айлуудад тараан өгөх. Үүндээ 177,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнийг мэргэн санаа гэхээсээ илүү нэг удаагийн арга саам хийх гэсэн арга ядсан оролдлого гэвэл таарна. Монгол Улс урд хөрш рүүгээ коксжсон нүүрс экспортолж, тэр мөнгө нь төсөвт жин дардаг. Тэгвэл урагш экспортолсон нүүрсээ эргүүлээд үнэтэй худалдаж авах санаа гаргаж, бараг хэрэгжүүлэнгээ алдаж яваа Чойжилсүрэн сайд өөрөө хувийн барилгын маш том бизнестэй. Тэр хувийн бизнестээ ингэж хүйтэн сэтгэлээр хандах байсан болов уу.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд хоёр жилийн өмнө очсон. Тэндхийн нүүрс хагас коксждог нүүрс. Уурхайн нөхөд нүүрсээрээ кокс хийдэг цех байгуулчихсан байсан. Ингээд цехдээ кокс хийгээд түүгээрээ шахмал түлш хийж байсан шүү. Аль эрт уурхайчид амьдрал дээр хийчихсэн эд. Яагаад түүнийг өлгөж аваад, тэнд мөнгө өгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд хийчихэж болдоггүй юм.

Улстөрчдөд ашиггүй болохоор дэмждэггүй юм. Манай улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм заваан болчихсон. Сураг сонсвол тэрийг анх зохион байгуулж ном дүрмээр нь хийсэн хүн нь Улаанбаатарт шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулсан инженер залуу юм билээ. Тэр залуугаар шахмал түлш хийлгээд амжилттай боллоо гэнгүүт жийчихсэн байхгүй юу. Учир нь тэр инженер улстөрчдийн хүн биш. Жинхэнэ мэргэжлийн инженер хүн, номын дагуу хийсэн. Ажлаас нь чөлөөлчихөөр нутагтаа очоод коксоор шахмал түлш хийж эхэлсэн юм билээ” гэж ярьсан. Үүгээрээ Д.Дамба гуай эрх баригчдын ажлын арга барилыг шууд хэлээд өгчихсөн билээ.

Асуудлыг нэг удаа аргалдаг, нүд хуурдаг байдлаар ажлаа хийдэг нөхөд бол хоёр нүүртнүүд юм. Бүр хатуугаар хэлбэл эх орныхоо хөгжлийн эсрэг ажиллаж байгаа хүмүүс. Өөртөө ашигтай хувилбараар ажиллаад сурчихсан ийм нөхдийг сайн нүдэлж тогтоож аваад сонгуулиар дүнг нь тавиад явуулах боломж бидэнд бий.

Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр

нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайлангаас харахад “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг”-ийг зарцуулсан байна. Үүнээс өмнө буюу

2008-2016 онд Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 550 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Утаагүй болгоно гэж ярьсаар сүүлийн 15 жил их наяд төгрөг зарцуулсан ч утаа хэв хэвээрээ. Одоо нэг өвлийг аргацааж 177 тэрбум төгрөг цацахаар төлөвлөж сууна. Өөрт байгаа зүйлээ өрөөлөөс авна гээд хээв нэг ярих.

Монгол Улс коксжих болох хагас коксжих нүүрсний асар нөөцтэй гэдгийг уул уурхайг алган дээрээ тавьсан мэт мэддэг инженер Д.Дамба гуай хэлж байсан. Тэгэхээр бид өөрт байгаа зүйлээ гаднаас

худалдаж авч аргацаахаа больё. Энэ бол ямар ч бодлогогүйн алдаа гэдгийг бид олон жил ярилаа. Амьдрал дээрээ ч хараад, утаандаа угаартаад сууж байна. Хорин жил утаатай байж болсон юм, ганц өвөл тэсч байгаад өөрсдөө дотооддоо хагас коксжих нүүрсний үйлдвэрээ барья. Тэр бэлээхэн урагш өгөх гээд байгаа 177,5 тэрбумаараа үйлдвэрээ эхлүүлээд явж байхад жилийн дараа барьж л таарна. Энэ бол Монголоо боддог, монголчуудаа гэдэг хүний хийх ажил юм. Попууд бол бүр ойлгох ч үгүй. Тэд хэзээ ч ард түмэндээ хэрэгтэй юм хийдэггүй. Уран цэцэн ярьж, нэг удаагийн арга ядсан үйлдлээр асуудлыг дарж явсаар өнөөдрийг хүргэсэн.

Хагас коксжсон нүүрний үйлдвэр дотооддоо барих асуудлыг бодлогоор дэмжээд хөрөнгө мөнгийг нь шийдээд одооноос ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. “177 тэрбумаар хагас коксжих нүүрсний үйлдвэр барих хоншоортой монгол аавын хүү байхгүй” гэж хэлэх вий. Наадахыг чинь багахан хэмжээнд ч гэсэн хийгээд, ажил хэрэг болгоод яваа монгол инженерүүд байна. Тэд ч гэсэн гарч ирж үгээ хэлэх хэрэгтэй. Инженерүүдийнхээ үгийг дарга сайд нар нь сонсдоггүй юм бол бид сонорт нь хүргээд өгье.

Сонгуулиас өмнө нэг өвөл утааг багасгаж байгаад ялж чадсан юм, үүнийгээ давтаж хийнэ гэж байгаа бол мөрөөдсөний гарз шүү, эрх баригчид аа. Нэг удаа үндэстнээр нь хуурсан, дараа дахин тэгж хууртахгүй. Мэдээж, сонгууль өнгөрөөд л утааны асуудлыг ор тас хаядаг гэдгийг чинь бид мартаагүй байгаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
57 %
8kmh
40 %
Нар
-11 °
Даваа
-12 °
Мяг
-6 °
Лха
-7 °
Пүр
-4 °
spot_img