Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэж байна. Хэн ч харсан хэлнэ. Монгол Улс авлигын далайд живээд уджээ. Үүнийг бүгд ярьж байсан ч тууштай тэмцсэн хэн ч байгаагүй. Эр зориг дутацгаасан биз. Л.Оюун-Эрдэнийг харж байхад Авлигалын эсрэг тэмцэл бол эхлээд эр зориг шаарддаг ажил бололтой. Үнэндээ өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатартайгаа л үлдсэн байх шиг. Түүнийг дэмжиж, хамтарч байгаа журмын нөхөд байгааг үгүйсгэж болохгүй. Ил харагдах байдлаараа бол ийм хоёр дүр тод байна.
Сүүлийн 30 жилд бий болсон авлигын намаг балчиг гэдэг бол улс орны хувьд аймшигтай зүйл байдаг юм байна. АН, МАН-гүй энэ намагт живжээ. Гарах нөхцөлгүйгээр шүү. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хулгай хийгээгүй байсан учраас давуу тал боллоо. Өөрөө нээнтэгтэй байсан бол өлгөх олс нь цаг тутам түүнийг дагаж, өнгөрсөн хугацаанд аль хэдүйн өлгөчих байсан юм. Ийм улстөрч ганц ч болтугай үлдсэн байсан нь, тэгээд зогсоогүй дээшээ авирч Засгийн эрхэнд гарч чадсан нь сайн хэрэг. Тэгээгүй бол ер нь юу болох байв. Ер нь Л.Оюун-Эрдэнэгүйгээр өнгөрсөн гурван жилийг төсөөлөөд үз дээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үргэлжилсээр… Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, “Нүүрсний хэрэг”… өөр ч авлигын гэмт хэргүүдийг жагсааж болно. Л.Оюун-Эрдэнэгүй гурван жил үргэлжилсэн бол монголчууд “модоо бариад” зогсохгүй, Монгол Улс орших, эс орших, ард түмний хувь заяа хэлтрэх, хэлтийх тухай яригдах байлаа. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй.
Авлигал бол АН, МАН ялгалгүй үүрлэчихсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг их сүрхий “Ардчиллынхан төрд байсан бол арай өөр байх байлаа” гэж хуцах хэрэггүй. МАН хэтрүүлжээ гэж ч тавлах шаардлагаггүй. Аль аль нам нь адилхан адгийн шааруудаар дүүрсэн байсныг цаг хугацааны үнэн харуулж байна.
Л.Оюун-Эрдэнэ бол өнөөдөр намтайгаа үзэж тарж байгаа намын дарга. ”Авлигатай тэмцэх нь намтайгаа тэмцэж байгаа хэрэг” гэж тэрбээр ил шулуун зарласан. Тэрбээр нам доторх авлигачидтайгаа тэмцэж, ялж гэмээнэ Монголын улс төрийг шинэчилнэ. Өнөөдрийн үнэн бол энэ. Намынхаа авлигчдыг ялж байж цоо шинэ үеийнхнийг гаргаж ирнэ гэсэн үг. Ингэж чадвал Монгол Улс аврагдана. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч аврагдана гэдгийг шулуухан хэлье. Ийм л ирээдүйн зам мөр, зураг төөрөг түүнийг хүлээж байна. Ийм зам дээрээ хэдүйн гарчихсан тууж явна.
Л.Оюун-Эрдэнэ та үнэхээр хүчтэй байгаа юм бол сөрөг хүчин болох АН-аас хүртэл хулгай хийгээгүй, цаашид ч хулгай хийхгүй кадрууд, залуу үеийнхнийг улс төрд гарч ирэхэд нь туслах ёстой. Үүнийг ард түмэн танаас шаардаж байна.
Ингэж Монголын улс төрийн хоёр том хүчнийг цэвэрлэхэд нөлөөлмөөр байна. Аль аль намынх нь авлигачдыг торны цаана хийхийг нь хийж, хийхгүй заримыг нь тоглоомоос гаргаж, тойргийн гадна үлдээж, төр засгийн ажлаас нэг мөр холдуулж, дан ганц чин шударгаар Монголын төрд зүтгэх нөхдийг улс төрийн тавцанд байршуулах цаг иржээ. Ингэж та Монголын ард түмний өмнө түүхэн үүргээ биелүүлнэ үү.
Ийм түүхэн үүрэг энэ залууд оногдлоо гэдгийг хэлмээр байна. Энэ залуу авлигатай тэмцсэн шиг тэмцэж, ард нь гарч чадахгүй бол, эсвэл дутуу орхивол өөрөө эргээд алуулна. Түүнийг “алах” зэвсэг нь бэлэн болчихсон харагдана. Тухайлбал ойрын үед “Цар тахалд зарцуулсан 10 их наядын задаргаагаа тайлагнана уу” гэсэн шуугиан гарч ирлээ. Энэ бол түүнийг өлгөх гэсэн дүүжлүүрийн гогцоо юм. Хүн төрөлхтөн өчигдөрхөн ард нь гарсан Цар тахал гээч нь юу байв. Зүгээр л дайны үе, дайны үеийн хууль үйлчилсэн өдрүүд байлаа. Монгол Улс байтугай хүн төрөлхтөн балмагдан сандарсан өдрүүд. Энэ дунд Монгол Улс яаж гарсныг санаж байгаа биз дээ. Толгойтой бүхэн “Наад төр засагт чинь таван цаас байдаг юм бол одоо л бидэнд зарцуулаач. Цацаач, авраач. Тэгэхгүй бол баларлаа, дараа нь болно л биз. Монгол Улсад нөөц боломж байдаг юм бол түүнийгээ шавхаач, ашиглаач, хөөе Оюун-Эрдэнэ ээ…” гээд гурван саяулаа орилсон. Түүнийг шахаж шаардсан. Тийм үед Засгийн газрын тэргүүн зүгээр суух уу. Нөхөр өөрийгөө хүртэл золиослох үйлдэл хийсэн шүү дээ. Арайхийн олж ирсэн вакцинд нь ард түмэн итгэхгүй бөөн юм болсон. Тэр үед хамгийн эхний хэрэглэгч, туршилтын туулай нь тэр өөрөө болсон. Түнтийтэл ганцаараа сууж
байгаад вакцинаа тариулж ард түмнээ уриалсан. Улсын удирдагч гэдэг тулсан цагт тийм л байх ёстойг харуулсан. Үүнийг өнөөдөр хэн үгүйсгэх юм бэ. Гурван саяулаа л харсан шүү дээ. Ард түмнээрээ нэхэж гаргуулсан хөрөнгө мөнгөөр
өнөөдөр улс төр хийж яах юм бэ. Ямар хар өдрүүд байсныг санаач. Түүнд сайнаар хандах гавьяаг тэр өөрөө байгуулсан.
Ард түмэн тэр өдрүүдийг мартжээ. Ингэдэг нь хүн төрөлхтний түүх юм даа. Өчигдөр өмөрч байсан ард түмэн маргааш нь мартан зүхдэг нь. Л.Оюун-Эрдэнийн олон сайн үйлдлийг одоо тоохгүй болсон байна. Яагаад гэвэл Монгол Улсад тайван цаг иржээ. Өнөөдөр нэгнийгээ муулах завтай болцгоосон байна. Нийгмийн сэтгэл зүйн энэ тайвширал дээр авлигын хэрэгт унасан хэсэг бүлэг хүн, нам дамжсан бүлэглэлүүд ажиллаж байна. Ажиллахдаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг нийгмийн сэтгэл зүйг солиорлын дээд цэгт хүргэхээр зүтгэж байна. Тэд ажлаа эхэлсэн нь мэдрэгдэж байна.
Ийм цаг үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улам эрч хүчтэйгээр авлигын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулмаар байна. Ингэж ард түмнээ, улс гэрээ аврахгүй бол ард түмнийхээ байж байгаа царайг хар даа. Авлигалын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулж гэмээнэ Монгол Улс зөв зам дээрээ гарна. Хөгжил цэцэглэлтэд хүрнэ. Тэгэхгүйгээр Л.Оюун-Эрдэнэ Та авлига, хээл хахуулийн эсрэг өргөн фронтын тэмцэлдээ ялагдвал “Ганц худаг”-ийн хажуу дахь ганц зайдуу худгийн манаач л болох хувь зураг хүлээж байна. Тэгэхийг дайснууд чинь туйлын ихээр хүсч байгаа. Тийм болохоор та ялах хэрэгтэй, гүйцээх хэрэгтэй. Дутуу орхих л юм бол та дүүжлүүлнэ. Хатуу ч гэсэн ингэж л шулуухан үнэнийг хэлье. Өөрөөр Л.Оюун-Эрдэнийг юу хүлээнэ гэж. “Өшөөгөө авна шүү, чамаас” гэдэг мессеж өдөр шөнөгүй утсанд чинь ирсээр байгаа биз дээ.
Түүнд ард түмний дэмжлэг дүүрэн бий. Учир нь Л.Оюун-Эрдэнэ авлигалыг ялбал Монгол Улс ялна гэсэн үг. Өнгөрсөн 30 жилд авлигалтай ингэж тэмцсэн улстөрч байсангүй. Засгийн газрыг толгойлж байсан тэр олон эрхэм дотор авлигалтай бага ч болтугай тэмцсэн нэгэн байсан бол өнөөдөр Л.Оюун-Эрдэнэд нэмэртэй байх байлаа. Өнөөдөр ид тэмцэл өрнөл, тээг саад дунд алхам алхмаар урагшилж байгаа авлигалын эсрэг түүний тэмцэл энэ хүрээд зогсвол Монгол Улс-Л.Оюун-Эрдэнэ хоёр насаараа торны цаана сууж, ард түмэн бүгдээр авлигалын намаг шалбаагт амьдрах болно.
Монголын ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Та ялагдвал ард түмэн ялагдана. Тийм болохоор Л.Оюун-Эрдэнэ танд зогсох эрх алга. Дутуудуулж шархадвал нөгөө хэцүү нэртэй газрын худгийн манаач хийх хувь тавилан таных. Тэр үед таныг өмөөрөх хүн байхгүй. Шударга үнэний төлөө явж байгаа улстөрчийн хувь тавилан ийм л эмгэнэлтэй байдаг. Бидний хэн нь ч өмөөрөхгүй. “Хохь чинь дээ, чи. Авлигалын эсрэг тэмцэлдээ яах гэж ялагдсан юм бэ. Яах гэж дутуу орхисон юм бэ” гээд сууцгааж байх болно.
За ийм л байна даа, залуу Ерөнхий сайд минь. Бүх зүйл амаргүй байгааг мэдэж байна. Маш ихийг үүрч дүүрч явааг чинь ойлгож байна. Гэвч танаас өөр итгэж найдах хүн энэ ард түмэнд чинь алга даа.
П.Хашчулуун
“Өдрийн сонин”