spot_img
ЭхлэлонцлохД.Цогтбаатар: Төр зах зээл, эдийн засаг давамгайлах ёстой нийгмээ...

Д.Цогтбаатар: Төр зах зээл, эдийн засаг давамгайлах ёстой нийгмээ дарга, сайдын шийдвэр давамгайлсан нийгэм болгож хувиргалаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа. Ер нь байнгын хорооныхоо үйл ажиллагаатай танилцаж амжсан уу?

-Миний хувьд гэнэтийн л үйл явдал боллоо. Орж ирээд удаагүй байгаа болохоор эхнээс нь ямар асуудал байна, танилцаж л байна.

-Хууль зүйн байнгын хороо бол хамгийн чухал болоод ачаалал ихтэй хороодын нэг. Тэр утгаараа орж ирж байгаа хуулийн төслүүдэд анхаарал татсан ямар төсөл байна. Цаашлаад энэ намрын чуулганыг дуустал байнгын хороо юунд илүү анхаарч ажиллах вэ?

-Засгийн газраас орж ирж байгаа хуулийн төслүүдэд хүнд суртал гаргахгүйгээр байнгын хороогоо шуурхай, ачаалалтай ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана. Ер нь миний хувьд аливаа шийдэх ёстой асуудлыг олон талын судалгаа нь бэлэн байвал түргэн шуурхай хэлэлцээд шийдэх зарчмыг баримтална.

-Эрүүгийн хуулийн олон заалтыг Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа. Тус хуулийн зарим зүйл заалтыг чангаруулах төсөл орж ирсэнийг УИХ хэлэлцэж байна. Таны хувьд орж ирж байгаа хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байна вэ?

-Одоо өргөн барьчихсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд бол суурь эрх зүйн болоод хүний эрхийг хөндсөн норматууд орж ирж байна. Мөн Эрүүгийн болон Иргэний процессын хуулиуд дагаад орж ирсэн. Энэ бүгдэд миний хувьд болон манай байнгын хорооны хувьд анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр эдгээр өргөн баригдсан хуулиуд нийгэмд гарч байгаа цочирдом гэмт хэргүүдтэй холбоотой. Саяхан нийгэмд олон хэрэг гарлаа. Яалт ч үгүй бид хуулиа яах вэ гэдгээ ярихаас өөр аргагүй болгосон. Тэр утгаараа би нийгмийн өндөр захиалгатай байгаа хуулиудад илүү анхаарна гэж байгаа юм. Хүний эрхийн байгууллагуудын санаа оноог маш сайн авч, тусгаж ажиллана. Засгийн газрын зүгээс нэлээд хатуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна шүү дээ. Тэгэхээр уг хуулийн төслүүд нь УИХ-аар хэлэлцээд эхлэхээр бид яалт ч үгүй хүний эрхийн байгууллагуудын саналыг авахаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс хатуу орж ирсэн хуулийн төсөл тал бүрээсээ судлагдаад, санал орж ирээд арай бодитой, амьдралтай болон хувирдаг. Хуулийг чангаруулж болно. Гэхдээ аливаа шуугиан дээр үндэслээд чангаруулдаг зүйл гэж байх ёсгүй. Хууль гэдэг бол бүх талын санал, нийцэл дээр боловсруулагдаж батлагддаг зүйл. Тиймээс бид тэр чигт нь илүү анхаарч ажиллана.

-Хуулийг чангаруулах асуудал согтуу жолооч дээр илүү яригдаж байна. Засгийн газрын зүгээс согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг Эрүүгийн хуулиар авч үзэх нь зүйтэй гэдэг байдлаар хуулиа өргөн барьсан. Гэтэл үүнийг Зөрчлийн хуулиар шийдэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байх шиг байна. Таны хувьд уг асуудалд ямар бодолтой байгаа вэ?

-Миний хувьд уг асуудал дээр хууль болон ялын бодлогыг чангатгах нь зөв зүйл гэж боддог. Гэхдээ ялын бодлогыг чангатгаж байна гээд амьдралаас хол тасарчихсан хууль эрх зүйн акт бид гаргаж болохгүй шүү. Засгийн газраас орж ирж байгаа төслөөр бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол эхнийх, давтан гэлтгүйгээр шууд Эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж байгаа. Уг төсөл ажлын хэсэг дээр орж ирээд дахин өөрчлөгдсөн. Яаж гэхээр согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлье. Ингэхдээ эхний удаад баригдсан тохиолдолд торгуулийг нь маш өндөр тавьж өгөх нэмээд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болгох. Харин давтан согтуугаар автомашин жолоодсон бол шууд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болгох санал гарч ирсэн. Энэ санал одоогийн байдлаар хүчин төгөлдөр яригдаж байгаа. Цаашид чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэр үед яаж өөрчлөгдөх юм мэдэхгүй.

-Хүчингийн хэрэг дээр хүүхдийн насыг 16 болгох асуудлыг олон нийт шүүмжлээд байгаа. Уг хуулийн зүйл заалт дээр танай байнгын хороо ямар байр суурьтай байна вэ?

-Ажлын хэсэг дээр уг асуудал амьдралтайгаа нийцэж байхаар буюу 14 өөрөө байх ёстой гэдэг санал гаргаж ирсэн. Бид үнэхээр дэлхийн хандлагаа авч үзэхгүй бол болохгүй. Манай хөрш орнуудад хүний гэрлэх насыг 14-16 нас гээд заагаад өгчихсөн байна. Монголчууд бүгд Монгол Улсад л амьдардаггүй. Дэлхийд хаа сайгүй монголчууд амьдарч байгаа. Тухайлбал, АНУ-д олон монголчууд маань ажиллаж амьдарч байна. Тэр улс гэрлэх насыг Их Британийн XIV зууны хуулиар зохицуулан өдийг хүртэл явж байна. Тэр хуульд гэрлэх насыг 13 гэж заасан шиг санагдаж байна. Гэтэл АНУ-д манай 10 гаруй мянган иргэн амьдарч байгаа. Тэгэхээр АНУ-д байгаа иргэн маань Монголдоо хүрч ирээд шууд гэмт хэрэгтэн болох уу. Казакстанд гэрлэх нас 14 байсан байх. Тэгэхэд манай хэчнээн мянган иргэн тус улсад амьдарч байгаа билээ. Тэнд хуулийн дагуу гэрлээд эх орондоо ирэхээр гэмт хэрэгтэн болох уу. Иймэрхүү асуудлыг тал талаас нь бодож байж хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Энэ бол нэгхэн жишээ шүү дээ. Тиймээс байнгын хорооны ажлын хэсгийн саналаар 14 өөрөө байх нь зөв гэдгийг оруулж ирж байгаа. Гэхдээ дээрх хуулиуд бүгд яг одоо хэлэлцүүлгийнхээ шатанд л явж байгаа шүү.

-Согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг чангаруулах нь зөв. Бүр Эрүүгийн хуулиар шууд шоронд хий гэдэг саналтай иргэд олон байна. Тэгэхээр хуулиар энэ зөрчилд зөөлөн хандах шаардлага байгаа юм уу?

-Бусдад аливаа нэг гэм хор учруулаагүй байгаа тохиолдолд торгоод л явуулдаг олон улсын жишиг байна. Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулиар ч гэсэн ийм. Гэхдээ тухайн жолооч согтуугаар автомашин жолоодож явахдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд шууд Эрүүгийн хуулиар зохицуулагдаж явдаг. Ийм хуультай. Би энд гэм хор учруулаагүй согтуу жолоочид ямар хариуцлага оногдуулах ёстой вэ гэдгийг ярьж байгаа шүү. Ийм хүмүүсийн асуудлыг шууд Эрүүгийн хуулиар шийдэж болохгүй. Харин Зөрчлийн хуулиар торгодог, баривчилдаг байх хэрэгтэй. Гэхдээ торговол торгосон шиг торго. Бүр яс маханд нь мэдрэгдтэл торгох хэмжээг тогтоож өгөх ёстой. Анх удаагаа согтуугаар жолоо барьсан. Ингэх явцдаа бусдад хохирол учруулаагүй хүнийг Эрүүгийн хуулиар шийтгэчихвэл дараа дараагийн амьдрал нь хүнд болж эхэлнэ. Манай зарим компаниуд тэр дундаа төрийн байгууллага иргэнийг ажилд авахдаа Эрүүгийн ял шийтгэл эдлэж байсан эсэхийг нь шалгаж, оруулдаг. Тэгэхээр тухайн иргэнд энэ нь асуудал болно. Цаашид нийгэмд амьдрах орчин нөхцөл байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ тухайн иргэн оршин байх эсэх нь аюултай болно. Маш олон асуудал бий болно гэсэн үг. Тиймээс бид уг асуудалд алсыг харсан мөн нийгмийн амьдралд наалдсан байдлаар шийдэх шаардлагатай.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд чангарч орж ирж байна гэлээ. Нийгэмд үүссэн ноцтой асуудал болгон дээр хуулийг чангатгах байдал түгээмэл боллоо. Эргээд тэрхүү чангарсан хуулийн хэрэгжилт ямар байх вэ. Хуулийг бүх нийтээрээ л дагаж мөрдөнө. Тэгэхээр амьдралд нийцсэн хууль батлагдах нь эргэлзээтэй юм биш үү?

-Хууль санаачлагчид нийгэмд нэг сенсаци гарахаар л тэр чигийн хуулийн төслийг өргөн барьж байна. Гэтэл өнөөдөр нийгэмд гарч байгаа сенсаци хэргүүдэд үйлчилж байгаа хуулиуд бий. Энэ сенсаци дээр, энэ кейс дээр хууль байхгүй байна гэж ярихгүй байгаа биз дээ. Бүгд эрх зүйн зохицуулалттай байгаа. Харин гагцхүү хариуцлагыг чангатгах асуудлыг л ярьж байна. Гэвч өнөөдөр байгаа хуулиа хэрэгжүүлэх асуудал нь илүү чухал байгаа юм. Нөгөөтэйгүүр цочирдом хэрэг болчихлоо, хэдүүлээ энэ чигийн хуулиа чангалъя, ялыг нь өшөө илүү нэмээд өгье гэж яаран сандран хөдлөх нь асуудлыг шийдэхгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн байнгын хорооны хувьд орж ирсэн хуулийн төслүүдэд хүнд суртал үзүүлэхгүй. Аль болох түргэн шуурхай шийдэхийг зорино. Гэхдээ бид тал бүрийн судалгааг харна. Мэргэжилтнүүдийн байр суурийг тусгана. Нөгөөтэйгүүр бид нийгэмд болж байгаа процессоо илүү гүнзгий судлах шаардлагатай байна. Сэтгэл сэрт хийлгэсэн хэрэг гарлаа гэхэд энэ нь хууль сул байгаагаас болсон уу. Эсвэл нийгэм стресс бухимдалтай, эдийн засгийн дарамттай, өр төлбөртэй, ажилгүйдэл ихтэй байгаагаас болж ийм хэрэг гараад байна уу. Энэ бүхнийг тал бүрээс нь судлах шаардлагатай. Тэгэхгүйгээр зүгээр хууль сул байна, ялын бодлогыг чангалчихвал энэ хэрэг гарахгүй гэдэг өнцгөөр хуулийг баталж болохгүй. Хууль чангарах тусам гэмт хэрэг багасдаг байсан бол өнөөдөр дэлхийд цаазын ялгүй нэг ч улс байхгүй байх байсан. Цаазална гээд гэмт хэрэг хийхээсээ хүн айдаг байсан бол дэлхийн бүх улс орон ийм ялтай байлгана. Гэтэл цаазын ялтай улс оронд ч ноцтой гэмт хэргүүд олон л гарч байна. Ялгүй улс оронд ч ялгаа байхгүй гэмт хэргүүд гарсаар л байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ялын бодлого чангарах тусам гэмт хэргийг ор мөргүй дарчихна гэж байдаггүй. Нөгөөтэйгүүр сэтгэцийн гажигтай хүн ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол үүнд өөр хууль үйлчлэх ёстой. Эрүүл хүнд үйлчилдэг хуулийг сэтгэцийн гажигтай хүнд үйлчлүүлж болохгүй. Эсвэл сэтгэцийн гажигтай хүний хийсэн үйлдлээс цочирдож хуулийг хатууруулж, эрүүл хүнд үйлчлэх хуулийг чангатгаж болохгүй. Үүнийг ялгаж салган гэдэг бол өөрөө маш чухал асуудал шүү.

-Таны хувьд хүний эрхийг тодоор дуугардаг парламентын гишүүн. Тэр утгаараа Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь амьдардаг Улаанбаатар хотын асуудал их. Тэр дундаа түгжрэлийн асуудал байна. Түгжрэлийг шийдэхийн тулд тодорхой бүсэд төлбөртэй зорчуулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь өөрөө иргэдээ алагчлах, хүний эрхийн зөрчилтэй асуудлыг бий болгох уу?

-Төлбөртэй болсноор хүний эрх зөрчигдөхгүй. Хуулийн хүрээнд төлбөртэй болж байгаа тохиолдолд шүү дээ. Тухайлбал, бид цэнгэлдэх тойроод наадам үзэхээр төлбөр төлж байгаад үздэг биз. Би үүнийг үнэгүй үзэх ёстой гэж нэг ч иргэн дуугардаггүй. Үүнтэй адилхан асуудал. Хотын төвийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтээрээ нийгмийн бүтээмж доошоо унаж байна. Нэг ажилд явах гэж нэг иргэн хэдэн цагийг түгжрэлд зарцуулж байна. Тэгвэл зуу зуун иргэн хэдэн цагийг зарцуулах вэ. Үүний эдийн засгийн тооцооллыг гаргавал ямар их тоо гарч ирэх бол. Тэгэхээр энэхүү алдагдлыг багасгахын тулд тодорхой хэмжээний эдийн засгийн хөшүүрэг байх ёстой гэж үзэж байгаа. Хуулийн хүрээнд төлбөртэй болгосон тохиолдолд энэ нь хүний эрхийг зөрчихгүй. Харин хүний дургүйг хүргэж магадгүй. Түгжрэл гэдэг бол бүх нийтийн оролцоотойгоор шийдэх асуудал. Тиймээс бид бүгд ямар нэгэн төлөөс төлж байж л энэ асуудлыг шийдэж чадна.

-Төсвийн тухай хуулийг Их хурал хэлэлцэж байна. Мөн Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна л даа. Зарим улс төрчид гуя дагаж хүзүү гэгчээр хуульд өөрчлөлт хийдгээ зогсоо гэж байна. Таны хувьд дагаж орж ирж байгаа хуулийн төслүүдэд ач холбогдолгүй эсвэл хуулийн хулгай орсон зүйл байгаа гэж харж байна уу?

-Хууль хоорондын уялдаатай холбоотой асуудлыг үнэхээр эргэж харах зарим зүйл байна. Тухайлбал, Цахим технологитой холбоотой хууль орж ирж байхад дагалдаад 122 хууль өөрчлөх гэж байсан. Тэгэхээр ингэж хууль өөрчилж болохгүй. Учир нь байгаа бүх хуулиа шүүж гаргаж ирээд өөрчилнө гэвэл бүтэхгүй асуудал. Монголын хууль цаашдаа ч тоолж барамгүй олон болно. Тэр болгонд бүгдийг нь шүүж гаргаж ирээд өөрчилнө гэвэл бүтэхгүй шүү дээ. Батлагдаад гарсан хууль тухайн салбартаа нэвтрээд л орсон бол түүгээр нь орхих. Эсвэл өөрийнх нь хуулиар шинэчлээд л явдаг. Ямар ч эрх зүйн тогтолцоотой оронд хуулиуд хоорондоо зөрчилдөх зүйл бий. Гэхдээ үүнийг шийдэх механизм гэж бас байна. Тухайлбал, нэг зүйлд эрх зүйн хоёр зохицуулалт явж байвал сүүлд гарсан зохицуулалтаар хэрэгжинэ гэсэн заалттай. Эсвэл илүү нарийвчилж зохицуулсан хууль үйлчилнэ гэж байдаг. Нөгөөтэйгүүр бид энэ механизмаа бас эрх зүйн хүрээнд эргэж харах асуудал их байгаа юм билээ.

-Ер нь байнгын хорооны даргын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх жилийн Төсвийн тухай хуулийг юу гэж үзэж байна. Их тэлсэн төсөв л гэж хүмүүс дүгнэж байна л даа…?

-Урьд өмнө байгаагүй мундаг том төсөв орж ирж байна. Би эхнээсээ дуустал ганцхан зарчим хэлж байгаа. Энэ том төсөв чинь хэзээ ч өлсгөлөн нь тайлагдахгүй, шунал нь барагдахгүй том төрийг тэжээж чадахгүй. Алдагдалтай төсөв орж ирж байгаа. Олсон мөнгөө зарцуулаад зогсохгүй, дээр нь зээл авч байгаад үрж байгаа. Үүнийг бид багасгах хэрэгтэй. Үүнийг багасгах тухай ярихгүйгээр төсвийн өөрчлөлт шинэчлэлтийг ярих боломжгүй. Энэ бол суурь өөрчлөлт шүү. Бидний 1990-ээд онд байгуулсан зах зээл давамгайлсан эдийн засаг өнөөдөр төр давамгайлсан, сайд дарга нарын шийдвэр давамгайлсан нийгэм болж хувирсан. Бүр бодитой бий болчихсон. Бизнесүүд хоёр, гуравдугаар эгнээний тэр цаана нь байж байдаг болсон. Бизнесийнхэний дуу хоолойг сонсож байгаа хүн төрд байхгүй. Зөвхөн пиарын зорилгоор сонсвол сонсдог болсон. Гэтэл ийм биш шүү дээ. Баялгийг бизнесийнхэн бүтээдэг байх ёстой. Төрд ийм их мөнгө хуримтлагдах ёсгүй. Тэр мөнгөө бизнесийнхэнд дэмжлэг болгоод явуулах хэрэгтэй. Түүнээс 225 мянган хүнтэй төр хэмээх армийг тэжээх гэж алдагдалтай төсөв батлаад яах юм бэ. Бүр өр тавин байж санхүүжүүлж байгаа шүү.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ, тэгвэл. Ойрын хугацаанд энэ байдал засагдах болов уу?

-Өөрчилье гэвэл өөрчилж болно. 1990-ээд онд нэг өөрчилж болсон. Харин тэр өөрчлөлт бодит үр дүнгээ гаргатал хугацаа орно. Одоо үүнийг өөрчлөх тийм амар биш л дээ. Тиймээс миний түрүү нь хэлсэн Төрийн өмчит компанийг нэгээр ч нэмж байгуулахгүй гэдэг чинь ийм учиртай юм шүү дээ. Би энэ асуудлыг цөөлье гэж оруулж ирээгүй. Харин нэмж байгуулахгүй байя л гэж байгаа юм. Гэнэт цөөлчихвөл зах зээл дээр хоосон вакум орчин үүснэ. Ялангуяа бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж магадгүй. Тэгвэл эдийн засагт бүр сөрөг нөлөө учруулна. Тиймээс ямартай ч нэмж байгуулахгүй байя гэж байгаа юм. Эдийн засгаа хувийн хэвшлээрээ өсгүүлье. Түүнээс биш төр өсөөд томроод байж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал өөрөө тодорхой хугацаанд үе шаттайгаар зөв явах учиртай. Гол нь үүнийг бид даруй эхлүүлэх ёстой. Эхлэлээ хүлээгээд улам томруулаад байж болохгүй.

Э.Мөнхтүвшин

dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
73 %
8kmh
75 %
Лха
-7 °
Пүр
-2 °
Баасан
-2 °
Бям
-5 °
Нар
-11 °
spot_img