spot_img
ЭхлэлСпорт"Nike" компани өрсөлдөгч брэндүүдээ шүүхэд өгчээ

“Nike” компани өрсөлдөгч брэндүүдээ шүүхэд өгчээ

Спорт гуталны алдарт брэнд “Nike” Даваа гаригт өрсөлдөгч брэндүүдийг пүүзний дээд хэсгийг үйлдвэрлэх технологийн патентыг зөрчсөн гэж буруутган АНУ-ын шүүхэд зарга үүсгэжээ. Энэ талаар Фэшн буландаа онцолж байна. 


“New Balance”, “Skechers” брэндүүдийн эсрэг Массачусетсийн холбооны шүүхэд гаргасан заргадаа, “Nike” компани гүйх, хөл бөмбөг болон сагсан бөмбөгт тусгайлан зориулан бүтээж, патентжуулсан “Flyknit” технологийг зүй бусаар ашигласан гэж мэдээлжээ. Тодруулбал, “New Balance” брэндийн хэд хэдэн спорт гутал болон “Skechers” брэндийн пүүзүүдэд уг технологийг патент зөрчин ашигласан гэсэн байна.

“Nike” брэнд өмнө нь ижил төрлийн патентын маргаанаар “Adidas”, “Puma”, “Lululemon” зэрэг компаниудын эсрэг зарга үүсгэсэн байдаг. Тэгвэл “Adidas”, “Puma” нартай тохиролцож, заргаа татсан бол “Lululemon” компанитай өнөөдрийг хүртэл шүүхийн маргаан үргэлжилж байна.

“New Balance” мэдэгдэлдээ, “Өрсөлдөгчдийнхөө оюуны өмчийн эрхийг бүрэн хүндэтгэдэг ч “Nike” олон арван жилийн турш салбарт ашиглагдаж ирсэн уламжлалт үйлдвэрлэлийн аргаар гутал зохион бүтээх, үйлдвэрлэх онцгой эрхийг эзэмшдэггүй” гэжээ.

Харин “Nike” болон “Skechers” компанийн төлөөлөгчид шүүхийн заргын  талаар тайлбар өгөөгүй байна. Орегон мужийн Бивертонд төвтэй “Nike” компанийн вэбсайтад “Flyknit технологи нь “маш бат бэх утаснуудыг ашиглан сунгаж, амьсгалах, хөлөнд тулгуур болох зориулалттай хөнгөн дээд хэсгийг бий болгодог. Патентлагдсан технологи нь хаягдал багатай маш чанартай дээд хэсгийг хийх боломжийг олгодог” гэж бичжээ.

 Бостонд төвтэй “New Balance” брэндийн “Fresh Foam”, “FuelCell” болон бусад төрлийн гутал нь “Nike”-ийн патентын эрхийг зөрчиж байна гэж мэдэгджээ. Мөн  Лос Анжелес дахь Калифорнид төвтэй “Skechers Manhattan Beach” компанийг шүүхэд өгч, тус брэндийн “Ultra Flex”, “Glide Step” зэрэг пүүз нь патентын эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.

“Nike” шүүхээс тодорхойгүй хэмжээний мөнгөн хохирлыг барагдуулахыг хүсч,  “New Balance”, “Skechers”  брэндийн  патентыг зөрчихийг бүрмөсөн хаасан шүүхийн тогтоолууд гаргахыг шаарджээ.

Эдгээр нэхэмжлэлийн үр дүн нь пүүзний зах зээлд ихээхэн нөлөө үзүүлж, загварын хувьсал болон оюуны өмчийн стратегид нөлөөлж болзошгүй юм. Инновацийг хамгаалах нь ширүүн өрсөлдөөнтэй спортын гутлын салбарын үндсэн хөдөлгөгч хүч болдог. “Nike” компанийн сүүлийн үеийн үйл ажиллагаа нь бүтээгдэхүүнээ хөгжүүлээд зогсохгүй технологийн салбараа хамгаалах тал дээр идэвхийлэн тэмцдэг гэдгээ нотлохыг хүсч буйн илрэл гэж үзэж байна.

“Nike” бол дэлхийн хамгийн алдартай, том спортын хэрэглэл үйлдвэрлэгч брэнд. Спорт гутлыг илүү сайжруулах хүсэл мөрөөдөлтэй ганцхан залуугийн хүсэл эрмэлзэл ердөө 50 жилийн дотор түүний компанийг 100 тэрбум ам.долларын өртөгтэй дэлхийн хэмжээний корпораци болгож, спортын хэрэглэл үйлдвэрлэх салбарт хувьсгал хийгээд зогсохгүй спортын түүхийг бүхэлд нь нэг шат ахиулахад томоохон хувьсгал хийсэн юм. “Nike” брэндийг үүсгэн байгуулагч Фил Найт  компанийнхаа суурийг “Blue Ribbon Sports” нэртэйгээр тавьж байжээ. Тэрээр 1963 онд Японы “Onitsuka Tiger”-аас анхны 12 хос спорт гутлыг хүлээн авч, борлуулалтын ажлаа эхлүүлжээ. Фил Америкт болж буй спортын тэмцээнүүдээр явж машиныхаа арын тээшинд гутлуудаа өрж тавиад зардаг байсан аж.

Дараа нь брэндийн нэрээ “Nike” буюу Грекийн ялалтын бурхны нэрээр нэрлэсэн байна. Сонирхолтой нь “Nike” брэндтэй өнөө хэрнэ хамт яваа алдарт логог Портлендын их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан охиноор ердөө 35 ам.доллараар зуруулжээ.

Фил Найт 1972 оны Мюнхений зуны олимпоос эхлэн хөшигний ард бус хэлэлцээрийн ширээний ард бүхнийг толгойлон ажиллаж эхэлжээ. Тэрээр Японы олон компаниудтай уулзсаны эцэст шинэ үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Үүнээс хойш “Nike” брэнд тасралтгүй өргөжсөөр 1989 он гэхэд дэлхийн хамгийн том спорт гутал үйлдвэрлэгч брэнд болж чадсан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
73 %
2kmh
75 %
Бям
-5 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img