2023 оны эхний гурван улиралд “Оюу Толгой” ХХК 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа.
Энэ жилдээ “Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд 1.1 тэрбум ам.доллар шаардлагатай байна гэсэн саналыг ТУЗ-д тавьсан талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлж байв. “Энэ саналыг 2022 онд тавьсан бөгөөд шинэ асуудал биш гэдгийг “Оюу Толгой” компани онцоллоо.
Гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөлтийн дагуу явж 81 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер мэдээлэв.
Үүнээс гадна тус компанийн мөнгөн урсгалын үзүүлэлт 2025 оноос эерэг болохоор байгаа ба эн тэргүүнд өмнөх зээлүүдээ төлж барагдуулснаар ногдол ашиг хуваарилах асуудал яригдана гэдгийг онцолсон юм.
2023 оны эхний гурван улирлын байдлаар “Оюу Толгой” ХХК 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь төлөвлөөгөө 29 хувиар биелүүлсэн үзүүлэлт болохыг тайлагналаа. Тайлант хугацаанд 127.4 мянган тонн баяжмал дахь зэс, 135.6 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Зэс болон алтны үнэ зах зээлд өндөр байгаа болон борлуулалтын тоо хэмжээ өндөр байгаа нь өсөлтөд нөлөөлснийг онцолжээ. Энэхүү орлогоор үйл ажиллагааны зардлаас гадна гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилт болон татварт зарцуулсныг тайлагнаж байна.
“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер
Үүнээс гадна ““Оюу Толгой” компанийн зүгээс Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтээ удаа дараа ирүүлсэн. Өнөөдрийг хүртэл зөвшөөрсөн хариуг өгөөгүй байна” гэж “Оюу Толгой”-ийн ажлын хэсгийг авсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” компани “Rio Tinto” групптэй шууд харилцаж зардал нэмэх эсэх асуудлыг урьдчилсан байдлаар ярьж хэлэлцдэг байх шаардлагыг Засгийн газраас тавьж ажиллана гэдгийг тодотгосон юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан