АНУ-д өмнөд хилээр нэвтэрч буй цагаачдын тоо өсч буйн дотор хятадууд нэмэгдсэн нь гайхмаар үзэгдэл болж байна. Алс хол зай, аяллын бусад хүндрэлийг үл харгалзан сүүлийн нэг жилийн хугацаанд 24,000 гаруй Хятад иргэн Мексикээс АНУ руу нэвтэрч байгаад баригджээ. Энэ нь өмнөх 10 жилийн нийлбэр дүнгээс их байгааг АНУ-ын засгийн газрын албаныхан онцлов.
Хятадын цагаачид ихэвчлэн виз авах шаардлагагүй Эквадор руу нисдэг. Дараа нь Төв болон Өмнөд Америк болон бусад алслагдсан газраас ирсэн олон зуун мянган цагаачдын нэгэн адил АНУ-д хүрэх аялалдаа Колумб, Панамын хоорондох аюултай ширэнгэн ойгоор дамждаг бөгөөд ихэвчлэн хууль бусаар хил давуулагчдад мөнгө төлдөг. Тэнд очоод тэд хилийн албаныханд ханддаг бөгөөд олонхи нь орогнол хүсдэг байна. Хятадын иргэд цагаачлалын шүүхэд орогнол хүссэн хүсэлтээрээ бусад орны иргэдээс илүү амжилттай байдаг. Оргонол авч чадаагүй ч Хятадын тал тэднийг буцааж авдаггүй тул тэндээ үлдэхээс өөр аргагүй болдог байна.
Цагаачлалын талаарх туйлширсан маргаанд энэ нь АНУ-ын тогтолцоонд хуучин сэдэв юм. АНУ-ын албан тушаалтнууд улс орнуудыг өөрийн иргэдээ буцааж авахыг албадах боломжгүй бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь асуудал болдоггүй. Гэвч арав орчим орон хууль бус цагаачдыг буцаан авах асуудалд хамтын ажиллагаа багатай бөгөөд тэр дундаа Хятад улс уг асуудалд огт идэвхгүй ханддаг аж.
АНУ-д албадан гаргах эцсийн шийдвэр гарсан 1.3 сая хүний 100,000 орчим нь хятадууд гэж нэрээ нууцлахыг хүссэн засаг захиргааны албан тушаалтан мэдэгдэв.
Хятадын цагаачид бол коронавирусын тахалтай холбоотой хатуу хөл хорио болон Ши Жиньпиний дарангуйлагч засгийн газрын чиг хандлагад бухимдсан дүрвэгсдийн нэг хэсэг юм. Энэ чиг хандлагыг “гүйлтийн философи” гэж нэрлэдэг бөгөөд тэд ихэвчлэн Япон, Европ, АНУ руу зугтдаг.
Хятадын бага, дунд сургуулийн англи хэлний багш 35 настай Марк Сю өнгөрсөн хоёрдугаар сард Колумбын хойд хэсэгт орших далайн эргийн хот Некоклид байхдаа “Миний цагаачилж буй хамгийн том шалтгаан бол улс төрийн орчин” гэж ярьжээ. “Хятад улс иргэдийнхээ эрх чөлөөг маш их боомилж, “амьсгалахад хэцүү” болсон гэж тэрбээр ярьжээ. Тэрбээр Өмнөд Америкаас АНУ руу хүрэхээр зорьсон 100 орчим хятад цагаачийн нэг байв. Сю хэлэхдээ “Хятадаас яаж гарах”, “хэрхэн зугтах”-аа “YouTube” болон “Google”-ийн хайлтаар аяллын талаар олж мэдсэн гэв.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ газар хойд зүг рүү явахыг хүссэн олон тооны цагаачдын цөхрөнгөө барсан аяллын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг байв. Панамын албаныхны мэдээлснээр 2022 онд 248 мянган хүн ширэнгэн ойгоор дамжин өнгөрсөн бол энэ жил 481 мянган хүн болж өсчээ.
Цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд, эквадорчууд, гаитичууд бөгөөд эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаас болоод эх орноосоо дүрвэсэн байна. Харин энэ жил улам олон хятадууд цагаачилжээ. Хятадын иргэд ширэнгэн ойгоор дамжин АНУ-д ирсэн цагаачдын дөрөв дэх том бүлэг болжээ. Эквадор руу явж, АНУ руу явахаасаа өмнө олон хүн Турк руу нисдэг.
Засгийн газрын мэдээллээр 2023 оны санхүүгийн жилд 24,000 гаруй хүн АНУ-д ирсэн байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 15 мянга хүрэхгүй хятад цагаач өмнөд хилээр хууль бусаар нэвтэрч байгаад баригджээ.
Ерөнхийлөгч Жо Байден энэ урсгалыг таслан зогсоохын тулд ширүүн шахалттай тулгардаг. АНУ-ын өмнөд хилээр шилжин суурьших хөдөлгөөн нь үргэлж улс төрийн томоохон асуудал байсаар ирсэн бөгөөд Хятад цагаачид бол үүний багахан хэсэг.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-д ирсэн хүмүүсийн ихэнх нь шоронгоос суллагдсаныхаа дараа Нью-Йоркийг зорьсон дундаж давхаргын насанд хүрэгчид байв.
Нью-Йорк нь бусад үндэстний цагаачдын, ялангуяа венесуэлчүүдийн хувьд хотын нөөц, тэр дундаа хоргодох байранд найддаг цагаачдын гол очих газар байсан юм. Гэвч Хятад цагаачдын цөөхөн нь хоргодох байранд байрлаж байна. Үүний оронд тэд Хятадын иргэдийн үе дамжин суурьшсаар ирсэн хотуудыг зорьдог аж.
Өмнө нь Хятадын орогнол хүсэгчид ихэвчлэн визтэй ирээд АНУ-д очсоныхоо дараа өргөдөл гаргаж байсан. Хамгийн сүүлд 1990-ээд онд ийм хэмжээний хятад цагаачид хууль бусаар орж ирсэн бөгөөд тэд далайгаар ирж байжээ. Гэхдээ одоогийн хэмжээ хамаагүй өндөр байна.
Ерөнхийдөө Хятадын орогнол хүсэгчид цагаачлалын шүүхэд бусад хүмүүсээс илүү амжилттай оролцдог. Сиракусын их сургуулийн дүн шинжилгээ хийсэн мэдээллээс үзэхэд Хятадаас өргөдөл гаргагчдын 67 орчим хувь нь 2001-2021 онд орогнол авчээ. Мөн нутаг буцах шийдвэр авсан хятадуудыг албадан гаргахгүй байх магадлалтай байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES
www.news.mn