spot_img
ЭхлэлСурвалжлагаЗ.Боргилмаа: Зариг.мн сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөг хөндөж,...

З.Боргилмаа: Зариг.мн сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөг хөндөж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа үйлдэл

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн бямба гаригт Зариг.мн мэдээллийн сайтын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор тус сайтын ажилтнууд өчигдөр хоёр дахь өдрөө суулт зарлалаа.

Зариг.мн мэдээллийн сайтыг хаасан талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос бямба гаригт “ХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.14 дэхь заалт, Домайн нэрийг ашиглах, бүртгэх журмын VI зүйл, Интернетийн үйлчилгээ ашиглах тусгай журмын 3.8.1 дэх заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн зөрчилтэй домайн нэрийг жагсаалтад оруулах, интернетийг хязгаарлах арга хэмжээ авдаг.Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын арванхоёрдугаар сарын 1-ний 116 тоот зөвшөөрөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны арванхоёрдугаар сарын 1-ний дугаар тоот шийдвэрийг үндэслэн Зариг.мн цахим хуудсыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан” гэсэн тайлбарыг өгсөн юм. МСНЭ-ээс тус сайтын үйл ажиллагааг нээхийг шаардсан албан шаардлагыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд гардуулсан. Үүний дагуу сайд Н.Учрал тайлбар хийхдээ “Энэ бол монгол хүн бүр, сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын суурь зарчимд халдаж байгаа хэрэг.Тиймээс МСНЭ цаашид олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тохиолдохоос сэргийлж, бидэнд хандаж байгаа гэж ойлгож байна. Зариг.мн сайтыг хязгаарласан асуудлаар би өглөө мэдээлэл авсан. ХХЗХ-ны дарга руу энэ талаар мэдээлэл авах гэж холбогдсон.

Харилцаа холбооны хуульд заасан домайн бүртгэх хязгаарлах, журам, Тусгай зөвшөөрлийн үндэслэлүүд байдаг. ХХЗХ манай яамны харъяа агентлаг биш. Прокурорын дүгнэлт, ШЕЗ-ийн гомдлыг үндэслэн цагдаагийн байгууллага ХХЗХ-нд шаардлага тавьсан байгаа юм. Тэгэхээр мэдээж журам, хуульд заасан үүргийг биелүүлэх шаардлага ХХЗХ-нд гарсан. Журмынхаа хүрээнд тодорхой хугацаанд хязгаарласан юм байна. Zarig.mn сайтыг нээх хуулийн гарц манай яаманд байхгүй, хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Салбарын сайдаар ажиллаж байхдаа хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийх нь миний нэгдүгээр зорилт байна. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаан дээр домайн нэр бүртгэх журмыг тодорхой өөрчлөлт хийх талаар танилцуулна” гэсэн юм.

Мөн өдөр ХЭҮК-оос уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газарт хандсанаа мэдэгдсэн юм. ЦЕГ-аас үүний дагуу мэдэгдэл гаргасан байв. Тус мэдэгдэлд “…Цагдаагийн байгууллагаас аливаа мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын байнгын хяналт дор явуулдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “сэтгүүл зүйн салбар” огт хамааралгүй, зөвхөн иргэн, хуулийн этгээдийн гомдлоор хувь хүнийг шалгаж байгаа ба цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байгааг үүгээр мэдэгдэж байна. Мөн Зариг.мн сайтыг хаасан мэдээлэл явж байна, Ө гэгч нь энэ сайтаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн муудсан гэх махыг амсаж бичлэг оруулах зэргээр олон удаа иргэдийг төөрөгдөлд оруулах худал мэдээлэл тарааж, цахим сайтыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашигласан, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад удаа дараа ташаа мэдээлэл нийтэлж байгаа нь ЭХХШТХ-ийн 21.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлага үүссэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нэг хэлбэр юм…” гэсэн байв.

Уг мэдэгдэл гарсны дараа Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн цагдаагийн албанд 20 минутын дотор ирж мэдүүлэг өгөхийг хүссэн байв. Үүний дагуу бямба гаригийн орой 19:00 цагийн үед сэтгүүлч Н.Өнөрцэцэг Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг өгөв. Тэрээр энэ тухай “Яллагдагчаар татсан тогтоол танилцууллаа. Бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн гэдэг үндэслэлээр. Би Эмээлтэд махны асуудлаар лайв хийсэн. Тэр үед иргэний эд хөрөнгийг өг гэж хэлсэн гэсэн юм шиг байна. Иймэрхүү утгатай өргөдөл байгаа бололтой. Өргөдлийг хэн гаргасан, хэдэн төгрөг нэхсэн, би хэнийг шантаажилсан, хэн надад шантаажлуулсан нь тодорхой биш байна” гэсэн юм. Ингээд 21:00 цагийн үед Зариг.мн сайтын ажилтнууд Төв талбайд суулт зарлаж эхлэв.

З.Боргилмаа: Энэ асуудлаар Дэлхийн сэтгүүлчдийн холбоонд хандана

Энэ үеэр МНСЭ-ийн дэд тэргүүн З.Боргилмаатай ярилцлаа.


-Зариг.мн сайтын үйл ажиллагааг хааж байгаа үндэслэлийг МСНЭ хэрхэн харж байгаа вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаана гэдэг бидний нийтлэг эрх ашгийг хөндөж байгаа хэлбэр. Монгол Улс Үндсэн хуулиараа иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Энэ эрхийн баталгааг төр хангах ёстой гэж заасан байдаг. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр мэдээллийн агуулгыг хянах байгууллагыг байгуулахгүй, тийм байгууллагыг төсвөөс санхүүжүүлэхгүй гэж заасан. Гэтэл Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч, эрхлэгч Н.Өнөрцэцэгийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь хааж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хөндөж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа үйлдэл.

Цагдаа дээр тухайн сайтын нийтлэлийн бодлоготой холбоотой гомдол ирээд шалгаж байгаа юм байна. Үүнийг шалгах явцдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг нь хаана гэдэг ямар ч хуульд байхгүй үйл ажиллагаа юм. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Батзориг мэдээлэл хийхдээ ЭХХШТХ-ийн 22.1.3-ыг үндэслэж прокуророос зөвшөөрөл авсан гэж мэдэгдсэн. Тэгвэл прокуророос бичиг баримт шалгах, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, харилцаа холбооны хэрэгсэлд хяналт тогтоохын тулд зөвшөөрөл авдаг юм байна. Гэтэл уг заалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах тухай үг, үсэг юу ч байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг харилцаа холбооны хэрэгсэлтэй андуураад байна. Харилцаа холбооны хэрэгсэл гэдэг хувь хүний утас, мессэж, чат гэж ойлгож болно.

Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахын тулд өөр үйл ажиллагааг зохицуулах заалтыг иш татаад прокурор руу хүсэлт явуулаад прокурор түүнийг нь хянаад зөвшөөрчихсөн байгаа нь бүхэлдээ хуулиа ойлгоогүй, хууль бус үйл ажиллагаа болж байна.

-Харилцаа холбооны зохицуулах хороо ямар тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах вэ?

-Прокуророос хянаад хаа гэдэг дүгнэлтийг ХХЗХ руу явуулсан байна. ХЗХХ-ны мэдэгдсэнээр журамдаа хуулийн байгууллагаас ирсэн дүгнэлт хүсэлтийг үндэслэж хаана гэсэн байна. Ингээд прокуророос бичиг очиход шууд хаах журамтай юм байна. Хамгийн ноцтой нь ХХЗХ-ны мөрдөж байгаа журам нь бүх хуулиудаа давчихсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөрийтэй тоглоом зохион байгуулах, хүчирхийлэл садар самууныг сурталчлах, дайн самуунд өдөөх агуулгатай нийтлэл нэвтрүүлэг нэвтрүүлсэн бол хаана гэдэг хуулийн заалттай.

Хуурамч мэдээлэл гэдэг технологи ашигласан, огт болоогүй, байхгүй зүйлийг гаргаж ирэхийг хуурамч мэдээ гэж үзэж байгаа. Харин худал мэдээлэл байсан уу, үгүй юу гэдгийг хууль тогтооно. Ямарваа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад прокурор дээр очиж байж худал мэдээлэл мөн байсан эсэхийг нотлох ёстой. Шүүхээр эцэслээгүй, худал мэдээлэлд холбогдуулаад шалгаж байгаа дээрээ шууд хуурамч мэдээлэл гэж оруулаад хаачихаж байна. Энэ бол бүхэлдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа.

-Ардчилсан, хэвлэлийн эрх чөлөөтэй улсад өнөөдөр сэтгүүлчид байцаагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээ хаалгуулж, жагсаж байгаа нь маш ноцтой дүр зураг харагдаж байна шүү дээ. Хэдхэн сарын дараа улс төрийн сонгууль болно. Магадгүй энэ үйл ажиллагаа улс төртэй холбоотой юу?

-Огт өөр нөхцөл дээр хэрэглэдэг хуулийн заалтыг үндэслээд цагдаа нь прокурортоо хүсэлт явуулаад прокурор түүнийг нь хянасан нэртэй гүжирдэж гаргаж ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаалгачихаж байна гэдэг бүхэлдээ хэвлэл мэдээллийг, сэтгүүлчдийг айлгах, мохоох зорилготой үйл ажиллагаа. Үүгээр далимдуулаад ямар ч хамаагүй хэрэг тохоод шалтаг олж ирж байгаад сэтгүүлчийг дарж авах гэж байна. Тэр дундаа цахим сэтгүүл зүй өнөөдөр илүү анхаарал татахуйц байх, илүү их хандалт авах өрсөлдөөн дунд хамгийн тэргүүнд нь гарч ирж байгаа сайтыг ингэж дарж авъя гэдэг зорилготой үйл ажиллагаа явж байна.

Хоёрдугаарт, улс төрийн зорилго байхыг үгүйсгэхгүй. МСНЭ улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй. Зөвхөн мэргэжлийн эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ, тэмцэнэ.

-ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд ноцтой зүйлс хөндөгдсөн байна. Зариг.мн сайтыг хаасан нь сэтгүүл зүйтэй холбоогүй гэх зэргээр агуулгын хувьд зөрчилтэй зүйлс харагдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол Н.Өнөрцэцэг гэдэг хүн дээр ирсэн гомдол мэдээллийн мөрөөр шалгаж байгаа хувь хүний мэдээлэл. Сэтгүүлзүйтэй хамаагүй гэж ЦЕГ мэдэгдэж байна. Үгүй, сэтгүүлзүйтэй хамаатай. Учир нь Н.Өнөрцэцэгийн өмд гутлын хулгайн хэргийг шалгаагүй байна. Яг тэр хүний сэтгүүлзүйн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, хэвлэн нийтэлсний улмаас үүсч байгаа хэргүүд учраас энэ бол яах аргагүй сэтгүүлзүйтэй хамаатай. Үүн дээр бид цагдаагийн үгэнд орж хувь хүний хэрэг, сэтгүүлзүйд хамаагүй гэж байна гэж орхиж болохгүй.

Нөгөө талаар гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгаж байгаа бол шалгаж тогтоосны дараа арга хэмжээ авахгүй яагаад гэмт хэрэгтэн мэтээр мэдээллээд байна вэ. Яагаад тэр сайтыг гэмт хэргийн хэрэгсэл болгож байна гэж үзээд байна вэ. Шалгаж байгаа мэдээллээ батлагдаж нотлогдсон мэтээр арга хэмжээ авч байна вэ гэдгийг бид эсэргүүцэж байна. Сайтыг гэмт хэргийн хэрэгсэл болгосон гэнэ. Үгүй, тэр бол сэтгүүлзүйн өөрийнхөө үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн. Байгаа баримт, үзэл бодлыг гаргаж тавьсан. Энэ бол сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаа болохоос сэтгүүлзүйг үүнийх нь төлөө гэмт хэргийн хэрэгсэл болгож байна гэж үзэж байгаа бол төрийн хүчний байгууллагын зүгээс хийж байгаа хариуцлагагүй, болчимгүй дүгнэлт.

СНЭ цаашид үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаачих юм бол хүн бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах ямар ч арга замгүй болдог. Түүндээ л манай салбарын гол эмзэг цэг нь байна. Түүн рүү л хатгаж байна. Энэ бол Н.Өнөрцэцэгийн хэрэг гэж хаяж болохгүй. Энэ эрх чөлөөг л хаачих юм бол хэн ч бусад алдагдсан эрх чөлөөгөө хамгаалах арга замгүй болно. Тиймдээ ч энэ бол нийгмээрээ эмзэглэх ёстой сэдэв.

МСНЭ Дэлхийн сэтгүүлчдийн холбооны гишүүн. Дэлхийн сэтгүүлчдийн холбоо НҮБ-д дуу хоолойтой байгууллага. МСНЭ салбарын бусад төрийн бус байгууллагуудаас ганц л ялгарах зүйл нь олон улсын сэтгүүлчдийн холбооны статус. Энэ статусаа бид маш сайн өндөр түвшинд хадгалж ирсэн. Бид Дэлхийн сэтгүүлчдийн холбоонд 1506 сэтгүүлчийн квоттой. Энэ бол өндөр түвшний оролцоо. Үүнийг дагаад Дэлхийн сэтгүүлчдийн холбооны бусад төлөөний байгууллагууд, удирдах зөвлөлд суудалтай. Тэгэхээр энэ статусаа ашиглана. Төрийн хууль сахиулах байгууллага нь хуульд заагаагүй үндэслэлээр прокурортойгоо нийлээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж байна гэдэг баримтыг явуулж үнэлэлт дүгнэлт гаргуулж, бусад улс орны чөлөөт хэвлэл бүхий ардчилсан улс орнуудын анхаарлын төвд оруулна. Дэлхийн сэтгүүлчдийн холбоо бол буад бүх улс орон руу мэдэгдэл хүргүүлдэг. Үүн дээр акц явуулж тэмцэнэ гэдэг уриалга гаргадаг байгууллага гэлээ.

МНСЭ өчигдөр 13:00 цагт ЦЕГ-д тус сайтын үйл ажиллагааг өнөөдрийн (өчигдрийн) дотор нээхийг шаардсан шаардлагыг дахин хүргүүлсэн юм.

Зариг.мн мэдээллийн сайтын ажилтнуудын суулт өчигдөр үргэлжилсээр байв.

Б.ЭНХЗАЯА

www.dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
0.1 ° C
0.1 °
0.1 °
47 %
1kmh
40 %
Баасан
-2 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img