spot_img
ЭхлэлГадаад мэдээНҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг...

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс өсгөх амлалт авлаа

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулган Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Өчигдрийн чуулганаар цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чулуужсан түлшний (газрын тос, байгалийн хий, нүүрс …) хэрэглээг бууруулах томоохон амлалт дээр дэлхийн улс орнууд нэгдэж чадсан нь том амжилт болсон байна.

Тухайлбал дэлхийн 100 орчим улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх амлалт авчээ.

Мөн Саудын Арабын Арамко тэргүүтэй газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн зогсоох амлалт авсан байна.

Гэхдээ энэ нь тэдгээр компаниуд зөвхөн олборлох, үйлдвэрлэх үе шатандаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг зогсооно гэсэн үг юм.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид уг амлалтыг “хангалттай биш” хэмээн шүүмжилж байна.

Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон тайланг зохиож байсан профессор Билл Харе “Би үүнд маш их эргэлзэж байна. Газрын тос, байгалийн хийн салбарт тулгамдаж буй бодит асуудал бол үйлдвэрлэлээс нь татгалзуулах явдал юм. Эцсийн эцэст үүнээс өөр юу ч тус болохгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх амлалт нь чулуужсан түлшнээс татгалзахад том түлхэц болно гэж нөгөө нэг хэсэг нь үзэж байгаа юм.

Дээрх амлалтуудыг COP28 чуулганы эцсийн бичиг баримтад оруулбал дэлхийн 200 орчим улсын төлөөлөгчид гарын үсэг зурж батална.

Газрын тос, байгалийн хийн компаниуд дэлхийн нийт хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн 15 хувийг үйлдвэрлэл, олборлолтын шатандаа ялгаруулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл тэдний гаргасан эцсийн бүтээгдэхүүн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхээс ч өмнө ийм нөлөө үзүүлдэг байна.

Дэлхийн улс орнууд чулуужсан түлшийг хэзээ хэрэглээнээс гаргах талаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа.

Өчигдрийн амлалтыг энэ чиглэлд хийсэн “эхний алхам” гэж COP28 чуулганы ерөнхийлөгч Султан Аль-Жабер үзэж байна.

“Үндэсний газрын тосны компаниуд 2050 он хүртэл цэвэр үйлдвэрлэлд шилжих зорилтыг анх удаа баталж байна. Тэд үүнээс ч илүүг амлаж, хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмийн өсөлтөд хязгаарлах зорилгод энэ салбарыг бүхэлд нь нэгтгэж, илүү хүчтэй амбицтай болгох хэрэгтэй” гэж тэр ярьжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд Парист чуулахдаа дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмийн хэмжээнд тогтоох зорилт тавьж байсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
73 %
8kmh
75 %
Лха
-7 °
Пүр
-2 °
Баасан
-2 °
Бям
-5 °
Нар
-11 °
spot_img