2023 он дайн, сөргөлдөөнөөр дүүрэн жил байлаа. Хятад-Америкийн сөргөлдөөн өргөжиж, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын Тэнгист дайсагнал эрчимжиж, Орос-Украины дайн үргэлжилж, Ойрх Дорнодод Хамас-Израилийн шинэ дайн дэгдсэн жил байв.
Харин 2024 он дэлхий дахинд сонгуулийн жил болохоор байна.
Энэ онд дэлхийн 60 гаруй улсад чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулагдана. Эдгээр улсуудад дэлхийн хүн амын хагас орчим буюу дөрвөн тэрбум гаруй хүн амьдардаг.
Дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүйг АНУ-ын Integrity Institute стратегийн судалгааны хүрээлэн мэдээлжээ.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох бол Энэтхэг, Индонез, Мексик, Өмнөд Африк, Пакистан, Их Британи зэрэг хүн ам олонтой, том эдийн засагтай улсууд мөн ард түмний төлөөллөө сонгох гэж байна.
Европын Холбооны 27 улсын иргэд энэ онд Европын парламентад суух элч төлөөлөгчөө сонгоно.
20 гаруй жил ОХУ-ыг удирдсан ерөнхийлөгч Путин энэ оны гуравдугаар сард эрх мэдлээ дахин зургаан жилээр сунгах сонгууль зохион байгуулах гэж байна.
2024 оны сонгуулиуд ойрын хэдэн жилийн олон улсын геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүлэхийг судлаачид санал нэгтэй онцолжээ.
Жич: 2024 оны зургаадугаар сард Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль болох билээ.
Эх сурвалж: South China Morning Post