spot_img
ЭхлэлонцлохӨмгөөлөгч Б.Батмөнх: Хүүхдүүд салаавч гаргасан үйлдлийг зөрчилд тооцсон нь...

Өмгөөлөгч Б.Батмөнх: Хүүхдүүд салаавч гаргасан үйлдлийг зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй

“Legal Service Cen­ter” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үед бага насны хүүхдүүд салаавч гаргасан үйлдэл цахим сүлжээнд түгсэн. Энэ үйл явц дээр цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулиар торгов. Чухам ямар заалт зүйл ангиар хүүхдүүд буруудсан нь тодорхойгүй байна. Хуульчийн хувьд энэ талаар тодруулж өгөөч?

-Он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээний үеэр хүүхдүүдийн үйлдлийн дүрс бичлэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж буй талаарх албаны эх сурвалжийн мэдээллээс дүгнэхэд Зөрлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” гэснээр хэрэг нээсэн байх боломжтой байна. Учир нь 5.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэгт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байдаг.

Тухайн гэр бүлийн гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагын агуулгатай тохирч байсан. Хэрэв тийм бол энэ тохиолдолд цагдаагийн байгууллага хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж буйн тод илрэл юм.

-Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн зүгээс гомдол гаргасан гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллагаас өнөөдөр (өчигдөр) олон нийтэд өгсөн мэдээллийг харахад Ерөнхийлөгч болон түүний ажлын албанаас гомдол гаргаагүй. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлээр Цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар зөрчлийн хэрэг нээн, шалгасан гэж ойлгогдож байна.

-Хувь хүн үзэл бодлоо сошиал сүлжээнд хэрхэн илэрхийлэхийг цагдаа зааж болохгүй гэсэн байр суурь хөвөрч байна. Энэ нь нэг талдаа хүний эрхийн зөрчил үүсчихэв үү. Мэдээж хүүхдийн асуудал дээр эцэг эхийн соёл хүмүүжлийн асуудал яригдах ч цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулиар торгох хэмжээнд өрнөх том асуудал мөн үү?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтад “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх..” үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж тунхагласан. Энэ эрх хүн төрөлхтний соёл иргэншлийн урт удаан цаг хугацаа, хөгжлийн олон үеийг даван туулж шалгаран үлдсэн үнэт зүйл болсон тул түүнийг жам ёсны эрх гэж тодорхойлж, төрөөс иргэндээ эдлүүлэх баталгаа болгож Үндсэн хуульдаа тунхагладаг. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө нь өнөө үед нийгмийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн гарцаагүй суурь үндэс, бүхэлдэхүүн хэсэг болдог.

Энэ эрхийг зөвхөн хуульд заасан тохиолдолд, тодорхой үндэслэлээр л хязгаарлах учиртай. Үүнийг зохицуулах механизмыг ардчилсан Үндсэн хуульт тогтолцоонд ухаалгаар суулгасан байдаг жишгээр шинэ Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалтад Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан. Үүний дагуу зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хүнийг шалгаж, хариуцлага хүлээлгэх төрийн үйл ажиллагаанд ч хууль дээдлэх үндсэн зарчим хэрэгжих учиртай.

Төрийн үйл ажиллагаа, улс төрийн бодлого нийгмийн амьдралд бодитой хэрэгжиж, үр дүн нь иргэний амьдралд шууд нөлөөлдөг, илэрдэг тул энэ талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй байх ёстой нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн учраас гадаад улсад үүнтэй төстэй тохиолдолд иргэнд хариуцлага хүлээлгэдэггүй, шийтгэдэггүй. Учир нь энэ нийгмийн оршин тогтнох эх үндэс нь иргэн шүү дээ. Түүний жам ёсны эрхийг эдлүүлэхгүй бол иргэн чөлөөтэй, тайван оюун ухаант хүний хувиар амьдарч чадахгүйд хүрэх тул нэг бол дарангуйлалд орох эсвэл түүнээс чөлөөлөгдөж, жам ёсны эрхээ олж авч эдлэхийн төлөө тэмцдэг нь өнгөрсөн түүхийн хугацаанд шалгарч тодорсон нь сургамж болон үлдсэн. Өөрөөр хэлбэл, жам ёсны эрхийг эдлүүлэхгүй, аливаа хэлбэрээр хаан боогдуулах нь дарангуйллын шинж гэж хүн төрөлхтөн ойлгодог.

-Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол төрт ёсны бэлгэдэл гэж тодорхойлдог. Харин үүнийг хуулиар хамгаална гэсэн агуулга байхгүй. Ийм зүйл дээр цагдаа ажиллах нь хэр хууль зүйн үндэслэлтэй болчихов?

-Тухайн үйлдлийг зөрчилд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зохицуулалтын гол зорилго, агуулга нь хэн нэгэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарсан бол түүнээс урьдчилан сэргийлэх ёстой этгээдэд урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнийнх төлөө хариуцлага хүлээлгэх хууль зүйн механизм юм.

Гэтэл хүүхдүүдийн үйлдэл нь тэдний байрь суурь буюу төрийн үйл ажиллагаа, улс төрийн бодлогын үр дүнд өгч буй тэдний үнэлгээний үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр тул ингэж үзэл бодлоо илэрхийлж буй Үндсэн хуулиар тунхагласан жам ёсны эрхийг хориглож, хязгаарлаж болохгүй. Хэрэв хязгаарлавал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго биелэхгүйд хүрч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтад заасан үндсэн эрх зөрчигдөх тул үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх жам ёсны эрхийг хязгаарласан хууль оршин тогтнох боломжгүй.

-Хамгийн гол нь хүүхдийн үйлдэл байгаа. Хүүхэд өөрөө хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэдэг утгаараа их ээдрээтэй харагдаад байна шүү дээ?

-Эндээс хүүхдүүдийн үйлдэлд гурван зүйл энгийн тодорхой харагдана. Нэгд, хүүхэд Зөрчлийн шийтгэл хүлээх насны хязгаарт хүрсэн үү. Зөрчлийн тухай Хуулийн 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн байхыг шаардах бөгөөд энэ насанд хүрээгүй хүний үйлдлийг зөрчилд тооцохгүй. Хоёрт, хүүхдүүдийн үйлдлийг хуулиар хориглосон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд хүүхэд эсвэл 16 насанд хүрсэн хэн бүхэнд хориглоогүй тул хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэлгүй тул тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй. Гуравт, хүүхдийн үйлдлийг өөр хүн буюу 16 насанд иргэн М.Б дүрс бичлэгт буулгаснаа олон нийтийн нийгмийн цахим сүлжээнд байршуулж, бусдад түгээжээ.

Гэтэл улс төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд холбогдуулан тухайн үйлдлийг хүүхдүүд үйлдэж буйг дүрс бичлэгт буулгасан нь тухайн улс төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд өгч буй иргэн Б-ийн үнэлгээ, байр суурь биш. Энэ тохиолдолд иргэн Б нь зөвхөн дүрс бичлэгт буулгасан, буулгасан дүрс бичлэгээ олон нийтийн нийгмийн цахим сүлжээнд байршуулж, бусдад түгээсэн нь Зөрчлийн хуулиар хориглогдоогүй. Хэрэв хэн нэгний үйл ажиллагаанд холбогдуулж үүнтэй төстэй үйлдэл гаргасныг зөрчилд тооцно гэвэл бид өдөр тутмын амьдралдаа бусадтай санал зөрж, зөрчилдөөнтэй харилцаанд оролцдог, энэ тухай гэрэл зураг, дүрс бичлэгт буулгаж, бусдад түгээдэг бөгөөд тэр бүрт зөрчилдсөнийг, мөн зөрчилдөөний талаар дүрс бичлэгт буулгаж, нийгмийн сүлжээнд байршуулсныг зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх шаардлага үүснэ.

Учир нь Үндсэн хуулийн 1.2 дахь заалтад тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан тул улс төрийн албан тушаалтан болон жирийн иргэнд адил тэгш нийгэм цогцлоон хөгжүүлж байгаа шүү дээ. Гэтэл хариуцлага хүлээлгэдэггүй. Яагаад гэвэл үүний цаана шинжлэх ухааны үндэслэлтэй, түүхээр шалгарсан амьдралын бодит шалтгаан байдаг нь улсын төрийн албан тушаалтныг хамгаалахын тулд тэгш байдлын зарчмыг баримтлаад иргэн, албан тушаалтан хэн алинтай ялгаагүй зөрчилдсөн, ийнхүү зөрчилдөөнийг дүрс бичлэгт буулгаж, бусдад хүргэсэн тохиолдолд хариуцлага тооцдог болбол ардчилсан улс бус шоронжсон улс болж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж байхгүй болно. Тиймээс энэхүү механизмыг өөртөө агуулсан шинэ Үндсэн хуульд маш дэвшилтэт хууль юм.

-Өмнө нь Ерөнхийлөгчийг хиймэл оюун ухаанаар хятадаар яриулсан залууг баривчилсан. Одоо хэр нь хоригдож байгаа?

– Монгол Улсын Ерөнхийлөгч хятад хэлээр ярьж буй дүрс бичлэгийг би үзээд хуурамч дүрс бичлэгийг зохиомолоор бүтээж, түгээсэн шинжтэй байна гэж ойлгосон. Гэхдээ өөр хүмүүс үзээд тухайн дүрс бичлэгийн хэлбэр, агуулгад итгэж, надаас өөрөөр хүлээж авч болно. Яг ийнхүү хүлээж авч болохуйц шинж нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг илэрхийлж болно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараахыг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд ял шийтгэхээр заасан. Энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ, хуульд заасан үндэслэлтэй гэвэл цагдан хорьж мөрдөн шалгана.

Б.ЭНХЗАЯА

dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
46 %
4kmh
0 %
Баасан
-3 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-6 °
spot_img