Богд хаан Живзундамба лүндэндээ:
“Миний сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрнө шүү” хэмээн айлджээ…
ОЧИРДАРА БОГД ГЭГЭЭНТЭНИЙ НАЙМДУГААР ДҮРИЙН ГАЙХАМШИГТ ЛҮНДЭН ОРШИВОЙ.
ЛҮНДЭН.
Ум сайн амгалан болтугай… Энхжингийн орноос бууж ирсэн далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүнтагтай Далан таван Махгалын дүртэй, Мянган мэлмийтэй, түмэн сонортой Хонсим бодисад Очирдарь ламын гэгээн гэж ар халх, дөрвөн аймаг шавь долоон хошуу, Өвөр дөчин есөн хошуунд залагдаж ирсэн билээ, Би. Богд эзэн хаанаас зарлигтай Ар халхын эрдэнийн ширээнд суусан билээ. Шашиныг дэлгэрүүлж, шашины алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ…
Ар халх та нар минь !!! Би гурван мянган ертөнцийг өдөр шөнийн хамт товчлон зургаан цагт эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би Ар халх юугаан үүрийн харанхуйд нэг, наран гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрэнхийд нэг өдөрт дөрвөн удаа эргэдэг шүү. Намайг сэтгэлийн угаас үнэн санадаг хүмүүс нэн цөөн байна. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа жөтөө, галын манаа, үүдний хог шороо чинь халж орж болохгүй байна…
Ар халх та нар минь !!! Би хоёрдугаар бадаргуулт төрийн хааны арванзургаадугаар он, төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын хорин есний өдөр. Дэчингалав Очирдарийн их лавран орон хийдийг орхиж Та нарын алтан амийг аврах золиосонд өгч хайлсан биш үү. Та нарын татсан тамхины утаа Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна. Та нарын уусан архи их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна. Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний хойно арван цагаан буянтай үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд өөрийн нүдээ өгч татна биш үү. Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн галав нөгчтөл Очирт тамын зовлонг үзнэ. Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь баруун, зүүн алган дээр минь эрлэгийн толь мэт илхэн байна. Барс туулай жилийг үзвээс жаран жилийн жаргал ирнэ. Гэвч танарын минь үйлдсэн Арван хар нүгэл хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж айсуй биш үү. Тэдгээр чинь хор болдог. Аливаа муу юмыг амирлуулж байхын тул өр гэр бүгдээрээ тасралтгүй Сүндүй, Жадонба, Лүйбумгарав, Тарбачэнбу, Дамдинжи дордог, Алтангэрэл, Дашизэгба, Нанжид, Доржэжодба, Намсрайжи янгүг. Лам хуврагууд нь гурван гүрэм, Дэжад сэржэм, Жамбал цанжод, Жамсранги шагба. Нийт шар, хар даяараа Дарь эх, Жинловцогзолма, Базарсадыг түм бум унш…
Ар халх та нар минь !!! Гурван настай балчир хүүхдээс дээш нийгэм ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи тамхи, даалуу, шагай, хөзөр тэргүүтэн арван зүйлийн нүгэлт явдлыг өдөр шөнийн зургаан цагт ер сайн мэдэж чадах байтлаа дээдийн номыг юунд эс уншнам. Түүнээ тогтоон авч үр хүүхэд, ач жич нартаа аливаа сайн зүйлийг сургах хийгээд миний урьд урьдын зарлиг сургаалийг дагаж уламжлан биелүүлээгүйгээс эцэг эхийн үгийг хөвгүүд охид нь тоохгүй Бас ламын үгийг шавь нь тоохгүйгээс журам үгүй болж хожмын хууль зарлигийг зөрчих. Эцэг эхээ айлгах, лам багшаа үзэн ядаж доромжлох болмуй. Ахмад настанг үл хүндлэхээр барахгүй хэлж сургахыг хүсвээс өмнөөс нь зандран нударгалах тийм зан төлөвтэй болмуй. Аяа халаг хухай та нар минь. Бага ч хэмээсэн ухаан юугаа дэлгэрүүлж Ном эрдэм юунд ч эс үзмүй. Хувийн өчүүхэн жаргалд автагдан Аливаа муу үйл бүхнийг гүйцэтгэн явбаас хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ…
ЦАГ ЯАГААД ЦӨВҮҮН БОЛОВ.
Цаг яагаад цөвүүн болов гэвэл буруу номт хятадыг хоймор тахих ширээгээ тавих, цайгаа домболж өгөх гэлон, гэцүл, банди, чавганц нарын ирэхэд хаалгаа хаагаад аргаа үүрээд ийш тийш нисэх мэт алхан явах. Гэртээ ороход нь буруу зөв хандаад хялав, цалав гэж улаан цайгаа уур савстал давхар доогуур нууж тавих. Хүйтэн шарыг унд гэж өгөх. Үхэхийгээ унтахын чинээ санахгүй. Эрлэг тамын газарт очоод юугаа хэлнэ дээ. Халуун ширэм ундыг ууж яаж болох вэ. Би энэ сургаалийг худал номлож гаргасан байх юм бол зөв юмыг буруу тийш нь аваачъя гэж санасан бол сайн муу ч тавин нэгэн төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан богд Жэвзүндамбын гэгээн дахиж бүү болъё. Бурхан бүү болъё. Тангарагаа эвдье. Тамын ёроол сахъя. Тангараглаж гуйсан минь энэ биш үү…
НҮГЛИЙН САВ ДҮҮРЧЭЭ.
Ертөнцийн хүмүүний нүглийн сав дүүрчээ. Эцэг эхээ ачлахгүй, эцэг эхээ элдвээр зовоох, тэнгэр газрыг зааж хараах, амьтан алахыг цээрлэхгүй, хүмүүнийг муучлах, их багыгаа занан тэмцэх сэтгэлийг үүсгэж нэг нэгнээ дарлах, шударга хүмүүнийг дорд үзэх, миний ийм бодлыг үл хайхран муу үйлийг үйлдэж сайн замаар явахгүй нэг мөсөн нүглийн сав дүүрчээ. Хорин найман одны ертөнц байгуулж дэлхий дахинд самуун үүсгэж зусар, зальхай мууг хураах цаг болов.
Манай монголчууд сүсэг бишрэлээ сайнаар хичээн муугаа халж явтугай. Тэгвэл зовлонгоос гэтэлж чадна. Таван цөвүүн цаг болов. Арван хүмүүний ес нь үхнэ. Есөн эхнэр нэгэн эрийг дагна… Ертөнцийн хүнд аюул их байна. Галын аюул, усны аюул, зэр зэвсгийн аюул, цэрэг дайны аюул, хулгай дээрмийн аюул, хорт могойн аюул, чоно барсын аюул, догшин аянга цахилгаан, борооны аюул, өлсөх өлбөрөхийн аюул, эцэг эх, үр садан хийгээд эр эм салж хагацахын аюул гэтлэхийн аргагүй цаг ийм болов. Аливаа хүмүүн сэтгэлээ засч хичээ. Хүмүүний үхдэл гуу судгаар дүүрээд цусан гол урсана. Зам байвч явах хүн байхгүй Гэр байвч суух хүн байхгүй дээл байвч өмсөх хүн байхгүй ийм цаг болов. Баян хэмээн битгий сагсуур, ядуу хэмээн битгий гутар. Баян ядуугүй амаржина. Муу үйлийг халж сайн замаар явбал цөвүүн цагаас гэтэлж болно…
ЗОВЖ БАЙНА.
Огторгуй дор цэргийн дайн хөдлөхийн учир зовж байна. Цагаан малгайт хятад нар нэн хоосрохын учир зовж байна. Хот балгасын газар цэрэг зэвсэг хөдлөхийн учир зовж байна. Их хаан олон үхэхийн учир зовж байна. Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна.
Луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана. Энэ зарлигийг минь дамжиггүй санах хэрэгтэй. Ирэх жилд огторгуй маш хэцүү аянга буух болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Бурхан тэнгэрт зул хүж тавьж мөргөгтүн. Эцэг эхийг ачлагтун. Сар бүрийн таван, арван таван, хорин таван энэ өдрүүдэд сүсэг бишрэлээр мөргөгтүн амар тайвнаар өнгөрөөж болно. Энэ зарлигийг уламжлан тараагтун. Богд би Хан хурмаст болж чөтгөрийг алгуурлан аюул бүхнээс гэтэлгээд цагаан лууг зүүн урд зүгээс алгуур залж ирээд таван зүйлийн тамхийг хориглоно. Мөн таван өнгийн архийг хамтаар хориглоно. Чоно барс хослоод огторгуйн доор зогсох хийгээд долоо, найман сард сэрэмжтэй байх хэрэгтэй. Түүн дээр үхэн барагдах хүмүүн тоогүй олон болох тул сар бүрийн шинийн найман, арван таван, хорин таванд чин үнэн сүсэг бишрэлээр мөргөгтүн. Бурхан багшид ийн залбирвал гамшиг өнгөрч болно. Хичээх үгүй аваас гамшигаар үхэх болно. Тийм учраас зайлж болох номыг уншваас түүнээс зайлна. Энэ сургаалийг нэг хүмүүн бичиж тараавал нэгэн гэрээрээ гамшгаас гэтэлж болно. Олон бичиж тарааваас олон арван гэрийн гамшиг арилах. Мэдсээр байгаад эс тараавал цусаар бөөлжиж үхэх нь магад. Аливаа хүмүүн эс итгэвэл тэр гэрийхэн хижгээр үхэх болно. Огторгуй маш хэцүү аянга буулгах болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Энэ зарлигийг минь дам дамаа тараан зарлахтун.
Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум сарваа мангалам.